Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Эрдэнэт хотоос тус ангид алба хаахаар очсон залууг Б.Алтантулга гэдэг, 19 настай байжээ. Түүний үхлийн шалтгааныг ар гэрийнхэн нь “гадны нөлөөтэй” гэж үзэж байгаа байгаа бол Цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр “гадны нөлөөгүй” гэж үзэж байна.
Ар гэрийнхэн нь түүнийг “Эндээс явмаар байна. Намайг ирж аваач” гэж утсаар ярьж байсан, бусдын гарт зодуулж амь насаа алдсан хэмээн ярьж байгаа юм.
Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас “Тухайн зурган дээр үүссэн зүйл нь цогцост үүссэн хүүрийн толбо юм. Үүнийг иргэд бусдад зодуулсан, зодуулсны улмаас гэмтэл үүссэн хэмээн ярьж байна. Иргэн амиа алдаад биед нь юүлэгдэж үлдсэн цусыг хүүрийн толбо гэдэг. Гэхдээ хэргийг Аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Шалгалтын болон шинжилгээний дүн эцэслэж гараагүй байгаа” гэлээ.
Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор шинжилгээний дүгнэлт гарна. Талийгаачийг даваа гаригт хөдөөлүүлэх юм байна.