Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод Ш.Алтантуяа агсны шүүх хурал үргэлжилж байна. Ойролцоогоор хоёр долоо хоног үргэлжлэх шүүх хуралд Монголын талаас дөрвөн хүн мэдүүлэг өгөх ёстой байсан ч Алтантуяагийн бага хүү Мөнхтулгын Алтаншагай 2017 онд 15 настайдаа мөнх бусыг үзүүлсэн учраас гурван хүн мэдүүлэг өгөх болжээ.
Алтантуяа агсны гэр бүл түүнийг бусдын гарт амиа алдсанаас болж учирсан сэтгэл санааны болон бие эрүүл мэндийн гарз хохиролдоо Малайзын Засгийн газар, улс төрийн шинжээч Абдул Разак, цагдаагийн албан хаагчид болох Сирул Азар, Азила Хадри нараас 100 сая Малайз ринггит /27 сая ам.доллар/ буюу 63 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна.
Шүүх хуралд мэдүүлэг өгөх нийт 80 орчим гэрч байгаа ч чухал гэж үзсэн 20-30 хүнийг гэрчээр дууджээ. Монголоос Алтантуяагийн аав С.Шаарийбуу, үеэл О.Бурмаа, том хүү Б.Мөнгөншагай нар мэдүүлэг өгч байна.
Хохирогчийн үеэл О.Бурмаагийн Малайзын шүүхэд өгсөн мэдүүлгээс...
Өчигдөр Алтантуяагийн үеэл 37 настай О.Бурмаа Куала Лумпурын шүүхэд мэдүүлэг өгсөн анхны гэрч боллоо. Түүний ярьснаар Алтантуяа агсан Малайзын улс төрийн шинжээч Абдул Разак Багиндатай ойр дотно харилцаатай байжээ. Абдул Разак нь Алтантуяагийн хэрэгт холбоотой Малайзын гурван иргэний нэг юм.
Бурмааг 2004 онд Хонконгод байхад нь талийгаач бүсгүй Разактай танилцуулж байсан ба тухайн үед Бурмаа Хонконгод амьдардаг, харин Алтантуяа амралтаараа зочилж байжээ. Алтантуяа үеэлдээ танилцуулахдаа Малайзын иргэн Разакыг “найз” гэж байсан бол дараа нь дотно харилцаатай гэдгээ хэлж байсан байна.
Алтантуяа үеэлдээ танилцуулахдаа Малайзын иргэн Разакыг “найз” гэж байсан бол дараа нь дотно харилцаатай гэдгээ хэлж байжээ
Монголын талын гэрч Бурмаа 2005 оны нэгдүгээр сард Шанхай хотод Разактай хоёр дахиа уулзжээ. Ингэхдээ Алтантуяагийн хамт Хонконгоос нисч Шанхайн нисэх буудалд Разак тэднийг тоссон байна. Мөн оныхоо гуравдугаар сард Сингапурт Бурмааг очиход Алтантуяа, Разак нар угтаж авснаар гуравдахь удаагийн уулзалт болжээ.
Тухайн үед Бурмаа, Алтантуяа нар Сингапураас буцах замдаа талийгаач хоёр эрэгтэйтэй хамт 2005 онд Парист авахуулсан зургаа үеэлдээ харуулсан байжээ. Тэдний нэг нь хохирогчтой ойрын холбоотой улс төрийн шинжээч Разак байсан бол нөгөө нь тухайн үед Малайзын шадар сайд байсан, хожим Ерөнхий сайд болсон Нажиб Разак байсныг тод санаж байна гэжээ. Бурмаа Алтантуяагаас “энэ хоёр хүн яагаад адилхан нэртэй байгаа юм, ах дүү хоёр юмуу” гэж асуухад “үгүй ээ, эд сайн найзууд, бизнесийн түншүүд, хамтрагчид” гэж хариулсан тухай шүүхэд мэдүүлсэн байна.
Өнөөдөр Алтантуяагийн аав С.Шаарийбуу шүүх хуралд мэдүүлэг өгч байгаа юм.
Ерөнхий сайд асан Нажиб Разак Ш.Алтантуяаг огт танихгүй гэв
Лхагва гарагт мэдүүлэг өгсөн хүмүүсийн нэг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак байв. 2009-2018 оны хооронд Ерөнхий сайд, 2004-2009 он хүртэл Шадар сайдаар ажиллаж байсан тэрээр Алтантуяагийн хэрэгт хамгийн их холбоотой чухал гэрчүүдийн нэг юм.
энэ бол гүтгэлэг, би тэр эмэгтэйтэй хэзээ ч уулзаж байгаагүй. Сүмийн нэрээр тангаргалъя
О.Бурмаа мэдүүлэг өгөхдөө Нажиб Разакыг Алтантуяатай хамт зургаа авахуулсан байсан гэж хэлсэн ч Ерөнхий сайд асан “энэ бол гүтгэлэг, би тэр эмэгтэйтэй хэзээ ч уулзаж байгаагүй. Сүмийн нэрээр тангаргалъя” гэж мэдэгджээ. Улс төрийн шинжээч Адбул Разак нь Нажиб Разакын ойрын холбоотон байсан нь гарцаагүй.
Абдул Разакыг Алтантуяагийн хэргээр баривчлан саатуулсан ч 2008 онд Дээд шатны шүүхийн шийдвэрээр суллажээ. Харин Нажиб Разакын бие хамгаалагчид байж байгаад цагдаа болсон Сирул Азар Умар, Азила Хадри нарыг 2015 онд ялын дээд хэмжээгээр шийтгэсэн байдаг. Азила Хадри нь Кажаны хорих газарт байгаа бол Сирул Азар ял оноохоос өмнө Австрали руу зугтсан гэж www.channelnewsasia.com сайтад мэдээлжээ.
Ш.Алтантуяагийн өмгөөлөгч хэрэг нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна
Малайзад болж байгаа иргэний хэргийн шүүхэд Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчөөр Рамкарпал Сингх гэгч ажиллаж байна. Тэрээр хохирогч Алтантуяагийн бага хүү хоёр жилийн өмнө нас барсан тул мэдүүлэг өгөх боломжгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.
Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчөөр Рамкарпал Сингх ажиллаж байна
Өмгөөлөгч Рамкарпал “Малайзын Засгийн газар эхний удаад хэргээс мултарсан ч Алтантуяагийн гэр бүл дахин давж заалдсанаар Засгийн газрыг холбоотой гэж үзсэн. Энэ нь бидний хувьд сайн зүйл. 2006 оноос хойш 13 жил өнгөрсөн ч одоо л бодитоор шүүх хурал явагдаж байна” гэжээ. Шүүх хурлын хугацааг тодорхойлох боломжгүй, учир нь олон гэрч мэдүүлэг өгнө гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Шүүх хуралд Монголын талаас оролцож буй гэрчүүдийн орчуулагчаар 31 настай Б.Энхжин ажиллаж байгаа юм. Гэвч Абдул Разакын өмгөөлөгч болоод холбооны шүүхийн гишүүн Энхжинг өмнө нь албан ёсны шүүх хуралд орчуулга хийж байгаагүй учир үнэн зөв орчуулах эсэх нь эргэлзээтэй хэмээн гомдол мэдүүлжээ.
Гэсэн ч Рамкарпалын үзэж байгаагаар Энхжингийн англи хэлний чадвар маш сайн, Монгол улсын их сургууль төгссөнийхөө дараа Малайзад Санвэй их сургуулийн коллежид суралцсан. Түүнчлэн албан ёсны уулзалт, хэвлэлийн хурал, Засгийн газрууд хоорондын гэрээ хэлэлцээр дээр ажиллаж байсан туршлагатай учир орчуулганд эргэлзэх шаардлагагүй гэж тайлбарлаад байна.
Малайзын шүүх хуралд Монгол улс хэрхэн хандав
2006 онд онц ноцтойгоор бусдын гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн шүүх хуралд ахиц дэвшил гарч байгаад Монголын Гадаад харилцааны яамны төлөөлөгчид баяртай байна гэдгээ илэрхийлсэн. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг нэхэмжлэгч талаас шүүх хурлыг ажиглахаар Куала Лумпурт зочлоод байгаа юм.
Бүх дэлхий шүүх хурлыг нухацтайгаар ажиглаж байна
Оюунчимэг “монгол байнуу, малайз байнуу аль ч иргэний амь хэмжээлшгүй үнэ цэнэтэй. Зөвхөн Монгол, Малайз хоёр орны асуудал биш. Бүх дэлхий өнөөдрийн шүүх хурлыг нухацтайгаар ажиглаж байна. Малайзын шүүх тогтолцоо шударга байж хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгохоор шийднэ гэдэг найдаж байна” гэсэн юм.
Мөн Малайзын хөрш Тайландад суугаа Монгол улсын элчин сайдын яамнаас өмгөөлөгч Г.Бямбасүрэн шүүх хуралд ирсэн тухай гадны эх сурвалж мэдээлжээ.
Шаарийбуугийн Алтантуяа, Абдул Разак нарын харилцаа 2006 онд ээдрээтэй болж эхэлсэн тухай Бурмаа ярьжээ. Алтантуяа үеэл, дүүтэйгээ хамт Разактай уулзахаар Малайзад дахин ирсэн ч уулзахаас татгалзсан байдаг. 2006 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Разакын гэрийн гадаа Алтантуяа очжээ. Хэрэгт холбогдсон цагдаагийн хоёр албан хаагч эмэгтэйг хүчээр машинд суулган Селангор мужийн Шах Алам гэдэг шигүү ойтой газар аваачин газар унагааж толгойд нь хоёр удаа буудан хороосон. Дараа нь хохирогч бүсгүйн биед цэргийн зориулалтаар ашигладаг тэсрэх бөмбөг зүүж дэлбэлсэн юм.
Эх сурвалж: www.channelnewsasia.com, www.nst.com.my, www.malaymail.com