Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн бүтээлийг сонирхон уншдаг залуус олон. Тэрбээр утга, уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн өнгө аястай, өвөрмөц бүтээлүүдээрээ ялгарч чаддаг. Тиймдээ ч түүний эхлүүлсэн бүтээлүүд энгийн, эгэл жирийн бус тэс ондоо зүйлийг өгүүлдэг.
“Өөрийн гэсэн зан чанар бол хүний маш том хөрөнгө юм. Хэн нэг нь надаас илүү бичиж чадах л байх. Гэхдээ минийх шиг түүх түүнд байхгүй. Хэн нэг нь надаас хамаагүй илүү намтар түүхтэй л байх. Гэхдээ яг минийх шигээр илэрхийлж чадахгүй. Яруу найрагч байхын тулд өөрөөсөө өөр байх шаардлагагүй. Хэрэглэгч цөөтэй тусмаа л “тусгай” гэж ойлгох хэрэгтэй. Утга зохиолын олон төрөл дотроос яруу найраг бол тансаг хэрэглээний бараа л гэсэн үг” хэмээн бардам хэлдэг түүний зохиолууд хэвлэгдсэн даруйдаа нүд ирмэхийн зуур алга болдог.
Тэгвэл түүний олон зохиол дундаас нэгийг нь сонгон Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар УДЭТ-ын тайзнаа бүтээл болгон амилуулах гэнэ. Найрагч бүсгүйн ямар бүтээл энэ оны анхны шинэ уран бүтээлийн нээлт болж театрын тайзнаа амилах нь одоогоор оньсого мэт. Олны оюуны цангааг тайлж, гайхаш төрүүлэх оньсого мэт бүтээлийн оньсыг тайлж мултлах өдөр ойрхон буй за. "Үзэхийн хязгаар" уу, эсвэл "Төсөөллийн өрөөнд" үү, "Хотын үлгэрүүд" үү ? хэн мэдлээ...