2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг төвийн бүсэд Дархан-Уул аймгийн, баруун бүсэд Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтцэд тус тус байгуулахаар тогтоол батлагдлаа. Дээрх лабораториудыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, өдөр тутмын удирдлагаар хангах үүргийг Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар хүлээх бөгөөд шууд харьяалагдах үндсэн нэгжийн зохион байгуулалтаар ажиллах аж. Лабораторид ажиллах ажилтнуудыг сургаж дадлагажуулах ажлыг өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдрөөс наймдугаар сарын 31-ны өдрийг хүртэл зохион байгуулжээ.
Лаборатори байгуулахад 793,8 сая төгрөг шаардлагатайгаас 694 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг Монгол банк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслөөс хамтран шийдвэрлэж, орон нутгийн ЗДТГ-аас лабораторийн барилгуудын засварт 30 сая төгрөг зарцуулсан байна. Лаборатори байгуулснаар үнэт металлын сорьцын хяналтын газрын ачаалал буурч, хэт төвлөрөл багасахаас гадна хэрэглэгч үйлчлүүлэгч (алт олборлогч иргэн, ААН, алтны худалдаачид)-дээ ойртож, алт олборлогч иргэн, ААН, алтны худалдаачдын хувьд Улаанбаатар орж сорьц тогтоолгох шаардлагагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, зардал, явдал чирэгдэл буурах бөгөөд аюулгүй байдал, гэмт халдлага, үнэ ханшийн уналт зэрэг эрсдэлээс хамгаалагдах юм. Мөн алт нийлүүлэлтийн хурд, эргэлт нэмэгдэж шат дамжлага багасаж, үнэн зөв сорьцын дүнгээр хоорондоо худалдах, арилжих нөхцөл бүрдэж цаашлаад алтны гарал үүслийг тодорхойлох, тодорхой болох зэрэг олон давуу тал бий болно гэж үзэж буй аж.