Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газраас МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран Монгол түүх соёлоо сурталчлах зорилгоор Монголын музейнүүдийг анх удаа “Виртуал үзмэр”-ээр баяжуулан нээлтээ хийлээ. Тус үзмэрт Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Эрдэнэзуу музей, Хэнтий аймгийн музейд орчин үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмжийг байрлуулан, дижитал орон зай бий болгон олон нийтэд хүргэхээр бэлдэж байгаа юм.
Өндөр Гэгээн Занабазарын өөрийн хийц бүхий хосгүй үнэт өвүүдийг гурван хэмжээст лазер сканерийн тусламжтайгаар сканердаж 0.5 мм-ийн нарийвчлалтай гурван хэмжээст моделиудыг байгуулсан
Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын хийцийн нийт найман бүтээл хийсэн ба тус бүрд нь орчин үүсгэж, бурхад болон эргэн тойрны байгаль орчин, юмс үзэгдлийг яг дэргэд нь байгаа мэтээр харж, мэдэрч, бурхдын тухай тайлбарыг сонсон, хөгжмийн аялгуунд аялах боломжтой.
Виртуал бодит байдал гэдэг нь сүүлийн үеийн дэвшилтэд технологи бөгөөд дууны нөлөө бүхий компьютерийн график хослуулан хиймэл бодит байдлыг бий болгох технологийг хэлдэг. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг танд хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ. Виртуал үзмэрийн тусламжтайгаар аялах, зугаацах, хөгжих суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэт хязгааргүй боломжийг танд олгох юм.
“Энэхүү төслийн хүрээнд бид бүхэн сүүлийн 2-3 жилийн хугацаанд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн хийц бүхий хосгүй үнэт өвүүдийг гурван хэмжээст лазер сканерийн тусламжтайгаар сканердаж 0.5 мм-ийн нарийвчлалтай гурван хэмжээст моделиудыг байгуулсан. Бүтээл тус бүрийн орчныг бүрдүүлж, яг байгаагаар нь 380 жилийн дараа дижитал хэлбэрт шилжүүлэн олон нийтэд түгээн дэлгэрүүлж байна. Энэхүү “Виртуал үзвэр”-ийг үзээд түүх соёлоороо бахархаж, орчин үеийн технологи ямар түвшинд явж байна гэх мэт олон ач холбогдолтой. Эхний ээлжид дээрх таван музейд байрлуулж олонд түмэнд үзүүлсний дараа 21 аймагт нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна” гэв.
“Виртуал үзмэр”-ийг үзсэнээр мэдээллийг мартагдахгүй, сонирхолтой хэлбэрээр авах боломж бүрдэж байгаа юм. Тиймээс бид бүхэн тус бүтээлийн үр дүн нь маш бодитой, сонирхолтой хүүхэд багачууд болон олон түмэнд хүртээмжтэй байдал бүрдэж байгаа учир дэмжиж ажиллаж байна. Цаашлаад тоног төхөөрөмжүүдийг нэмж, танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг тус музей байнга шинэчилж, түгээх, илүү сонирхолтой болгохыг эрмэлзэж байгаа. Сүүлийн жилүүдэд үзвэр үйлчилгээний газрууд маш их санал санаачлагатай ажиллаж байгаад бид бүхэн баярлаж байна” хэмээв.
Цаашид эзэнт гүрний үеийн Хархорум хот, Сарьдагийн хийд, Төвхөн хийд, Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музей зэрэг Монголын түүх, соёлын бахархалт өвийг дижитал орчинд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.