М-Ти-Эс групп, “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдтэй уулзах азтай мөч тохиосон юм. 19 насандаа дэлхийн аварга болж, гавьяат тамирчин цол хүртэн Монгол түмнээ баярлуулсан тэрбээр тун чиг даруухан бүсгүй.Түүнтэй уулзах гэж чөлөөт бөхийн шигшээ багийнхны бэлтгэлийг бүтэн цаг хүлээв. Өдгөө 23 насны босго алхсан тэрбээр дэвжээндээ эргэн ирж, чамлахааргүй амжилт гаргаж яваа. Бэлтгэл дууссаны дараа бидний яриа тэмцээн уралдаан гэхээсээ илүү энгийн яриагаар өрнөсөн юм.Тэрбээр инээмсэглэн “Бэлтгэл тарангуут хүү рүүгээ яардаг болсон шүү дээ. Хүүгийнхээ инээж тоглож суухыг харах надад хамгийн сайхан байдаг. Ээж минь хүүг харж асардаг болохоор бэлтгэл сургуулилалтаа санаа амар, тайван хийж байна.
Тамирчин хүн амжилт гаргаж, зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Өдөр бүр бэлтгэл хийдэг ч ядарлаа гээд хойш суух эрх байхгүй” хэмээн өгүүлсэн. Тамирчин бүсгүй Бухарестаас Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан нь дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн анхны тамирчин болсон юм. “Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, “Софи-2013” залуучуудын ДАШТ-ээс алт, “Ташкент-2014” онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, “Лас-Вегас-2015”-аас мөнгөн медаль хүртэж байлаа. Тэрбээр ОХУ-ын Красноярск хотод болох Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээнд маргааш зодоглоно. “Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнээс Монголын бөхчүүд хэзээ ч хоосон ирж байгаагүй. Тиймээс энэ удаа ч бас медалийн буухиатай ирж л таарна.Бөхийн хорхойтнууд бөхчүүдээ харна, тэр тусмаа залуу гавьяатыг түрүүлчихээсэй гэж бодож суугаа нь лавтай.
Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээнд түрүүлэх зорилго тавьсан
-Тамирчин хүний хамгийн сайхан баяр амжилт гаргах. Гадаад, дотоодын тэмцээнд амжилттай оролцож их спортодоо эргэж ирснээ харууллаа. Спорт сонирхогчдын найдвар тавьдаг тамирчдын нэг яах аргагүй та шүү дээ?
-Өнгөрсөн гуравдугаар сараас их спортод эргэн ирж, тавдугаар сард Оюутны УАШТ, Армийн ДАШТ, ДАШТ-ий сорилго тэмцээн, U23 насны хүртэлх ДАШТ, чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын цомын аварга шалгаруулах гээд таван тэмцээнд оролцлоо. Үүнээс хамгийн томоохон тэмцээн нь Румынд болсон U23 насны хүртэлх ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Би энэ медалиа чамлахгүй байгаа.Энэ тэмцээний гол ач холбогдол нь ид залуу 23-25 насны тамирчдыг дэлхийн дэвжээнд гаргах зорилготой байдаг. Надад үеийнхээ тамирчидтай хүч сорьж алдаа, оноогоo олж хараад засах боломж олдсон. Румынд 1/8 шигшээд эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр, шөвгийн наймд Украины Алина Акобианыг цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн дэд аварга Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Азербайжаны Алона Колесникийг туршлага заан 11:3-аар ялснаар медалийн тавцанд гарч чадсан. Харин Дэлхийн аваргын сорилго тэмцээнд оролцож чадаагүй. Бэлтгэл их хийснээс болж цөмөрч, жаахан ядарсан тал бий.
-Энэ сард Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн уламжлал ёсоороо болно. Энэ тэмцээнээс таныг медальтай ирж байсан болохоор энэ жил бас л харна даа?
-ОХУ-ын Красноярск хотод болдог Иван Ярыгиний нэрэмжит тэмцээн удахгүй эхэлнэ. Энэ тэмцээн тамирчдад дэлхийн чансаа олгодог. Би дөрвөн удаа оролцохдоо нэг мөнгөн, хоёр хүрэл медаль хүртэж байв. Миний жинд олимп, дэлхийн аваргууд ирж өрсөлддөг. Японы тамирчид энэ тэмцээнд ирж багаараа оролцдог юм. Тамирчин хүн тэмцээнд байнга оролцож өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Өөрийнхөө алдаа дутагдлыг олж хараад засаж залруулах нь зөв байдаг. Тэмцээнд өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Сайн өрсөлдөгчтэй байж түүнтэй барилдах тактик боловсруулах нь амжилт гаргах том суурь болдог талтай. Мөнгөн медаль хүртсэн жилийн тэмцээнд Японы бөх Каори Ичод ялагдсан. Дараа нь зоны аваргын төлөө Ичод хожигдож хүрэл медаль дээр буусан. Миний хувьд Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүлээд цомыг нь хүртэх юмсан гэж мөрөөддөг. Энэ жил түрүүлэх зорилго тавьсан. Японоос Каори Ичо ч ирнэ. Даагаа нэхэж медалийнхаа өнгийг хувиргах бодол бий.
-Каори Ичо дэлхийд данстай алдартай тамирчин. Өрсөлдөгчийнхөө давуу байдлаас танд суралцсан зүйл бишгүй л байдаг биз?
-Надад зөвхөн Ичо гэлтгүй япончуудаас суралцсан зүйл их бий. Тэнд суралцаж байхдаа ард түмнийх нь хөдөлмөрч, цэвэрч нямбай, хийж буй ажилдаа сэтгэлээсээ ханддагийг нь хараад их бахархсан. Ямар ч ажлыг хүндээр хүлээж авдаггүй, зүгээр л энэ миний хийх ёстой ажил гэж хүлээж авдаг нь үнэхээр таалагдсан. Тэнд нөхөрлөж байсан сайхан найзууд маань бий. Бид одоо ч харилцаа холбоотой байдаг. Зөвхөн япон гэлтгүй нэг жинд өрсөлддөг ОХУ, Финляндын тамирчин найз ч бий. Бид дэвжээн дээр өрсөлдөгч ч гэлээ энгийн үед сайхан нөхөрлөдөг. ДАШТ-д Финляндын тамирчин найзтайгаа хоёр ч удаа таарч хожиж байлаа. Өнгөрсөн жил тэр найз маань 65 кг-ын жинд дэлхийн аварга тамирчин болсон. Барилдах хугацаанд гар зөрүүлсэн 57, 59, 62 кг-ын жинд барилддаг үеийнхээ бөхчүүдийг дэлхийн аварга болохыг харж суух сайхан байлаа.
-Японд ямар мэргэжлээр суралцаж байсан юм бэ?
-2013 онд биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангид суралцсан ч даанч сургуулиа дүүргэж амжаагүй чөлөө аваад ирсэн. Манай чөлөөт бөхийн холбооноос Асаршёорюү Д.Дагвадорж аварга намайг Япон улсад суралцахыг дэмжсэн юм.
Япон орон надад олон сайхан зүйлийг мэдрүүлсэн. Тэр ч хэрээрээ намайг нээж, өөрчилж чадсан шүү. Өөрийгөө танихаас гадна бэлтгэл хийх явцдаа мэх сурах, барилдааныхаа түвшинг тогтоох боломж олгосон. Өөрийнхөө гарт орсон мэхнүүдээ илүү сайжруулж, хувилбарыг нь олшруулах шаардлагатай юм байна гэж бодож байлаа. Хүний нутагт байгаа болохоор өөрийгөө маш их дайчилж байв. Би монгол хүн болохоор Монголыг надаар төлөөлүүлж харах тул ухаалаг байх ёстой гэж бодож цаг барихаас өгсүүлээд бүх зүйлд нягт нямбай хандана. Тэнд өнгөрүүлсэн цаг хугацаа надад үнэ цэнэтэй байсан. Японд нөхөрлөж байсан найзуудаа маш их санадаг. Заримтай нь уулзалгүй уджээ. Хэдий бид нүүр тулж уулзаж чадахгүй ч гэсэн фэйсбүүкээр байнга холбогдож мэдээлэл солилцдог.
-Монголын тамирчдаас гавьяат цолыг 19 насандаа хүртсэн шүү дээ. Энэ том цолыг дагаад олны хүндлэл, үүрэг хариуцлага дагаад ирэх шиг санагдсан уу?
-Тийм ээ, тэр үед хүүхдээрээ шахуу байсан болохоор амьдралыг харах өнцөг маань ч өөр байж. Үнэнийг өгүүлэхэд нэр хүндтэй том шагнал хүртсэн гэдгээ мэдэж байгаа хэрнээ цолныхоо учир утгыг мэдэхгүй байв. Дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртэнэ гэдэг амаргүй, их хичээл зүтгэл, олон хүний итгэл найдвар тээсэн хүндтэй шагнал байдаг юм байна гэдгийг жилээс жилд маш сайн ухаарч байгаа. Одоо би ухаан суух насандаа яваа болохоор аливаад уужуу сэтгэлээр хандаж, юмны наадах, цаадахыг учрыг ойлгодог боллоо. Зан чанарын хувьд би их нийтэч хүн. Тусалж дэмждэг хүмүүст өөрийн чадаж мэдэх зүйлээр туслахыг хичээж явдаг.
-Тэмцээнд оролцоход хамгийн найдвартай ар тал чинь яах аргагүй гэр бүл тань. Тэр тусмаа ээжийн тань тус их байдаг байх аа?
-Тамирчин хүний амжилт зөвхөн өөрийнх нь байдаггүй. Үүний ард спортын жаргал, зовлонг ойлгодог гэр бүл, тусалж дэмждэг найз нөхөд байдаг. Миний хамгийн ойр дотнын маань хүн бол ээж минь, намайг маш сайн ойлгодог. Би ээжээсээ маш их зүйл сурсан. Тэр тусмаа аливаад амархан бууж өгдөггүй дайчин зан чанарыг нь дуурайсан. Намайг ээж минь хөдөлмөрч, хичээнгүй занд сургаагүй бол би өөрийгөө өнөөдөр ямар хүн бэ гэдгээ ч төсөөлж чадахгүй байх. Ээж биед минь бус оюун ухаан, ухамсарт минь илүү нөлөөлж намайг зөв хүн болгож хүмүүжүүлсэн. Ээжийнхээ зааж зөвлөж сургасны хүчинд өөрийгөө өдий зэрэгтэй яваа гэж боддог.
-Нэг гэр бүлийн хүмүүс спортоор хичээллэх нь бие биеэ ойлгож дэмжээд нэг бодлын амар ч юм шиг, нөгөө бодлын байнга тэмцээнд оролцох хэцүү ч юм шиг санагддаг биз?
-Манай нөхрийг С.Билгүүн гэдэг, чөлөөт бөхийн тамирчин. Өглөө босоод л хоёулаа бэлтгэл сургуулилалт, тэмцээн гэж гараад оройн бор хоногт гэрийн бараа харна. Нөхөр минь намайг хэнээс ч илүү ойлгодог. Бид нэг зорилго, мөрөөдөлтэй. Ээж минь бидэнд түшиг болж тусалдаг болохоор санаа зовох зүйлгүй тэмцээнд оролцож байна.
Ээж хүүхдийг минь харж асрахаас гадна орой ирэхэд халуун хоол цайтай угтдаг. Тэмцээн уралдаанд оролцоод хааяа медаль хүртэж чадалгүй сэтгэл гонсгор ирэхэд ээж “Миний охин сэтгэлээр битгий уна, хойшид чиний оролцох тэмцээн олон бий.
Дараа дараагийн тэмцээнд бэлтгэлээ сайн базааж амжилт гаргаарай” гэж тайвшруулж, урам хайрладаг юм. Зөвхөн ээж гэлтгүй манай гэрийнхэн намайг сайн дэмждэг. Би чинь гэр бүлийнхээ хайр хүндлэлд өлгийдүүлж өссөн болохоор жаахан эрх зантай өссөн. Бөхийн спорт хүнд төрөлд багтдаг болохоор надад шантрах үе бишгүй л гардаг байлаа. Яг тийм үед болих, эсвэл хичээх хоёр сонголттой тулгардаг. Эцэст нь хичээгээд л үр дүнг нь үзэхээр шийдсэн дээ. Тамирчин хүн ямар нэг спортоор хичээллэж байгаа бол түүндээ тууштай байж, өөртөө зорилго тавиад зүтгэх хэрэгтэй. Сэтгэл гаргасан цаг хугацаа, хичээл зүтгэл, хүч хөлсний цаана амжилтууд намайг хүлээж байсан.
-Хамгийн сүүлд ээжийгээ хэзээ баярлуулсан бэ?
-Намайг медаль хүртэхээр ээж их баярладаг. Өөрөө авчихсан юм шиг сэтгэл хөөрч догдолно. Одоо намайг харж баярлахаас илүү хүүхдийг маань харж баярладаг болсон. Гэр бүлд маань хамгийн их аз жаргал авчирдаг хүн хүү маань. Би ч хүүгээсээ хэдэн цаг холдчихвол санаж их үгүйлдэг. Сүүлийн үед бэлтгэл тараад л хүү рүүгээ яардаг болсон шүү дээ.
-Чөлөөт бөхөөс өөр спортын төрөл сонирхож хичээллэж үзмээр санагддаг уу?
-Чөлөө бөхийн холбоо SKY Resort цанын баазтай гэрээ хийж тамирчдаа цанын бэлтгэл хийлгэдэг. Дасгалжуулагчид маань ч гэсэн тамирчдаа хотын дуу чимээ, утаанаас холдуулж бэлтгэлд нь ач холбогдол өгч анхаарч байгаа. Сүүлийн үед холбоо маань шинэлэг зүйл санаачилж Соёл Спа саунд долоо хоног нэг удаа оруулж, Blue Sky-тай хамтарч үдийн хоолоор дайлж байгаа.
Хөдөлмөрч, хөгжилтэй зан чанараараа бидэнд үлгэр дуурайл болж чаддаг. Тамирчин хүнийхээ хувьд түүний өрсөлдөгчөө хэрхэн ялж буй барилдааныг нь харж эрч хүч авна.
Төв аймагт байдаг гэртээ тамирчдаа байрлуулж, бэлтгэл сургуулилалт хийлгэдэг. Би “Алдар” спорт хорооны тамирчин болоод удаж байна. Манай спорт хороо өсвөр үе болоод залуу тамирчдаа дэмжих тал дээр сайн ажилладаг. Цэрэг, армийн эрч хүчтэй эерэг энергитэй, эвсэг хамт олны дунд тамирчны жаргал зовлонгоо хуваалцах нь надад ч сайхан санагддаг.
"Алдар" спорт хороонд алдартнууд байдаг гэдэг үг байдаг. Тамирчдын дуусашгүй, дундаршгүй эрч хүч тэнд л ундардаг гэж боддог юм. Спорт хорооны тамирчид сард нэг удаа хариуцлагатай жижүүрт гарна. Тэр үед цэргийнхээ дүрэмт хувцсаа өмсдөг. Яагаад ч юм цэргийн дүрэмт хувцас өмсөхөөр сүртэй, эмх цэгцтэй, нягт нямбай харагдахаас гадна эрч хүчийг өөрийн эрхгүй мэдрүүлдэг. Тамирчин хүнд хариуцлагатай байхыг үргэлж сануулдаг юм шиг санагддаг.
-Чөлөөт бөхийн ертөнцөд хөл тавьж байсан тэр үеийн чинь дурсамжаар дүүрэн он жилүүдээр хамтдаа аялъя, болох уу?
-Намайг спортод дуртай болоход ах маань их нөлөөлсөн. Б.Майдар ах үндэсний бөх сонирхдог байхдаа чөлөөт бөхөөр барилдах сонирхолтой байв. Ах сонирхолдоо хөтлөгдөөд нэг өдөр Б.Бат-Эрдэнэ аваргатай холбогдоод “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагчийн ангид орсон. Тэгсэн ах бөхийн секцэнд орлоо гэж бодсон чинь дээд сургуульд орчихсон байна шүү дээ би гэсээр ирж билээ. Сургуулиа дүүргэх жилээ ах маань “Алдар” спорт хороонд дадлага гарч чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Хосбаяр багштай танилцаж намайг бөх болгохоор шийдсэн. Би хүүхэд байхдаа гүйж, суниаж чаддаггүй туниа муутай байлаа. Ах маань ажилдаа явахаасаа өмнө намайг дагуулж гараад гүйдэг байв. Жаахан гүйгээд л хөл өвдөнө, өвдөхөөр тэсэхгүй уйлчихдаг байлаа, би. Тэгсэн ах “За дүүгээ 10 хоног гүйлгээд, гар дээр нь суниалгаад үзье. Үнэхээр чадахгүй бол спорт руу оруулахаа больё” гэж бодож байснаа хожим хэлж билээ. Ашгүй гүйж сурснаар өвдөг маань өвдөхөө больж бэлтгэл хийж эхэлсэн дээ. Манай аав бөхийн удамтай болохоор гэрийнхэн маань намайг бөх болгоно гээд ярьдаг байсан. Тиймээс бөх болох юм байна гэсэн ойлголт сэтгэлд бүр бага байхад суучихсан болохоор спортын ертөнц надад хол, хэцүү санагдаагүй л дээ.
-Тамирчдын халуун ам бүл рүү анх ороход бүх зүйл халгамаар хэцүү, бас дурламаар гоё ч юм шиг бодогдсон байх л даа?
-Намайг анх бэлтгэл хийх гээд ирж байхад тамирчид хуучин зааланд олуулаа нэг дор бэлтгэл базаадаг байв. Хүн дуртай зүйлээ харахаар гайхаж, бас биширч хүлээж авдаг шүү дээ. Үдээс хойш шигшээ багийн тамирчид бэлтгэл хийнэ. "Алдар" спорт хорооны тамирчин ах, эгч нарын бэлтгэл хийж байгааг хараад суралцах зүйл их байдаг байв. Тэдний бэлтгэл сургуулилалт надад үзүүштэй санагддаг байлаа. Би өглөө зааланд ирж бэлтгэл хийчихээд өдөр хичээлдээ явна. Зарим өдөр нь “Алдар” спорт хорооны цайны газар хооллочихоод хичээлдээ явахгүй таслаад томчуудын бэлтгэлийг хараад суучихна. Дасгалжуулагч багш харчихаад “Хөөе, чи хичээлдээ яваач, хоцорлоо шүү дээ” гэхээр нь “Багш аа, би явахгүй, бэлтгэл хийхийг нь хармаар байна” гээд суугаад байдаг байлаа.
-Чөлөөтийн тэр олон тамирчдаас хамгийн түрүүнд хэнтэй нөхөрлөж байв даа?
-П.Орхон эгчтэй илүү ойр дотно нөхөрлөж байна. Спортын тамирчин өрсөлдөөн дунд өөрийгөө хөгжүүлдэг. Өрсөлдөгч байж өөрийгөө дайчилдаг болдог. Спортод тэмүүлээд зүрх сэтгэлээ зориулаад ирэхээр өөр бусад аар саар зүйлийг анзаарах завгүй болдог юм билээ. Спортын зам хөөж, тэмцээнд байнга оролцоод ирэхээр хүссэн хүсээгүй найз нөхдөөсөө холддог.
Он жилүүдийн нугачаанд үнэхээр нөхөрлөх сэтгэлтэй нь надтай үлдэж, зарим нь замын дундаас зам мөрөө хөөсөн дөө. Спортын ертөнц хатуу. Тамирчин болж чадах нь дэвжээнд шигшигдэж, чадахгүй нь өөрийнхөө замаар явдаг тийм л зарчимтай. Заримдаа өөрийгөө спортын төлөө золиосолж дуртай зүйлээсээ татгалздаг тохиолдол ч бий. Би зовлон, жаргалаа хуваалцдаг гарын таван хуруунд багтах цөөн нөхөдтэй.
Ээж болоод ээжийгээ маш сайн ойлгодог болсон
-Дэлгүүр хэсэх зав хааяа гаргадаг биз дээ. Хамгийн сүүлд өөртөө зориулж ямар гоёл авав?
-Өдөр бүр бэлтгэл сургуулилалт хийдэг болохоор дэлгүүр тухтай хэсэх зав тун ховор гардаг. Гэхдээ үргэлж завгүй байна гэж юу байхав. Саяхан Хүннү Молл орж өөртөө гоёлын гутал авсан. Тамирчид тэмцээнд оролцохоор гадагшаа явдаг болохоор очсон орныхоо дэлгүүрүүдийг сонирхож үзэх зав яаж ийгээд гаргадаг.
-Кино театруудад гарч байгаа хамгийн сүүлийн үеийн кино сонирхож үзсэн үү?
-Өмнө нь бэлтгэлээ тараад найзуудтайгаа сонирхолтой санагдсан кино, концерт үздэг байлаа. Ээж болсноос хойш надад зав тун бага гардаг болсон. Ээж маань ч бэлтгэл хийсний дараа сайн амарч бай гэж зөвлөдөг. Тамирчин хүнд илчлэг сайтай хоол, амралт, нойр сайн авах нь тэмцээний амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохоор тухтай амрахыг чухалчилдаг болсон.
-Дэгэж дэрвэж явсан охин айлын эзэгтэй болж ээжийн үүрэг гүйцэтгээд ирэхээр амьдралд хандах хандлага хүртэл өөрчлөгдөж байгаа биз?
-Өмнө нь өөртөө зав их гаргаж, бас бөхийн спортыг тэргүүн тавьдаг байлаа. Харин ээж болоод ээжийгээ маш сайн ойлгодог болсон. Ээж хүний, айл гэрийн эзэгтэй байхын үүрэг хариуцлагыг ухамсарлаж, гэр бүлдээ, үр хүүхдэдээ аль болох зав гаргахыг хичээдэг юм. Тэмцээнд ялагдчихаад сэтгэлээр хэд хоног унаж дуугаа хураачихдаг байсан бол одоо хүү рүүгээ яарч, сэтгэл ханатал нь хамтдаа тоглоё гэж боддог. Сүүлийн үед би ялагдлыг ялалт болгоно гэж бодож хүндээр хүлээж авахаа больсон. Хүүтэй, ханьтай болсноор миний амьдрал аз жаргалтай болсон.
-Аав тань үндэсний бөхөөр барилддаг байсан уу?
-Тийм ээ. Манай аав Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын харьяат, аймгийн заан цолтой хүн байсан.
Эхлүүлсэн зүйлийнхээ эцсийн үр дүнг харах хамгийн сайхан
-Дээд сургуульд сурна, бэлтгэл сургуулилалт базаана, тэмцээнд оролцоно, гэрийн эзэгтэй, ээжийн үүргийг гүйцэтгэнэ гээд тэр их олон ажлыг яаж амжуулаад байна вэ?
-Үнэнийг өгүүлэхэд ээждээ найдаж, хамаг зүйлээ сэтгэл амар даатгаж байгаа. Миний төлөө сэтгэл гаргаж хийсэн бүхэнд би баярладаг. Тэднийхээ халуун сэтгэл, нөмөр түшиг, тус дэмийн хүчинд өөдрөг яваа. Гэр бүлийнхээ хайр халамжгүйгээр өөрийгөө төсөөлнө гэдэг бэрх санагдаж байна шүү. Би ХААИС-ийн эдийн засгийн факультетийн менежмэнтийн ангид суралцдаг. Оюутны амралт эхлэх гээд шалтгалт шүүлэг өгөх гээд ойрд завгүй л явна. Манай сургуулийн удирдлагууд, мөн анги хамт олон маань намайг сайн дэмждэг.
-Ханийнхаа ямар зан чанарт татагдчихав?
-Бид нэгнээ хүүхэд байхаасаа сайн мэднэ. Нөхөр бид хоёрын хүүхэд насны амьдрал спортын ертөнцөд өнгөрсөн. Нөхөр маань зөөлөн зантай. Хааяа маргалдсан ч нэг их удалгүй эвлэрчихдэг юм. Миний төрсөн өдөр хоёрдугаар сард тохиодог. Өнгөрсөн жил би төрсөн өдрөөрөө хэрэглэх мөнгөө өөр зүйлд зарцуулаад мөнгөгүй болчихсон байлаа. Тэгсэн нөхөр маань бэлтгэл тараад ирсэн чинь торт, шампанск, амттанаар ширээ засчихсан угтсан. Төрсөн өдрийн бэлэг болгож надад гоё бөгж бэлэглэсэн нь их таалагдсан. Ямар ч мөнгөгүй байгаа болохоор төрсөн өдрөө даруухан тэмдэглэж өнгөрөөе гэж бодож байсан надад ханийн минь сэтгэлийн бэлэг үнэхээр гоё сюрприз байсан шүү.
-Магтаал, шүүмжлэлийг одоо хэр хүлээж авдаг болсон бэ?
-Манай Ц.Хосбаяр багш охидоо загнаж зэмлэдэггүй. Хөгжилтэй зантай болохоор алиа хошин зүйл ярьж биднийг их инээлгэдэг. Багш бидэнтэй тэмцээнд оролцох тал дээр зөвлөж их ярилцана.
Цогоо багш их ухаалаг. Алсыг харж, холын бодолтой хэлдэг зангаар нь бахархдаг. Хоёр багш маань тамирчдадаа аав шиг хандаж ирсэн дээ. Үр хүүхдэдээ хэрхэн ханддаг вэ яг түүн шиг ханддаг юм. Багш нараа хараад дасгалжуулагч байна гэдэг ямар хэцүү ажил болохыг, тэр дундаа амаргүй үүрэг хариуцлага нуруун дээрээ үүрч явдгийг нь ойлгосон. Гэр бүл, үр хүүхдэдээ гаргадаг цаг хугацаанаасаа илүү цагийг бидэнд харамгүй зарцуулдаг багш нар маань. Тамирчдынхаа амжилтаас урам авч, өөрийгөө хөглөж явдаг хүмүүс бол дасгалжуулагч багш нар л байдаг. Хамгийн гол нь тамирчин хүн тэр их итгэл найдварыг нь алдахгүй байх л чухал.
-Бид шинэ онд уулзаж байна. 2019 он танд ямар бодол төрүүлсэн бэ?
-Энэ жил тэмцээнд уралдаанд амжилттай оролцох л миний хувьд хамгийн чухал зорилго. Олимпийн медаль авах үүргийг ард түмэн эх орныхоо өмнө хүлээсэн. Тиймээс алтан медалийн төлөө бэлтгэлээ хийж эхэлсэн. Ямар ч байсан зорилгынхоо төлөө зүтгэнэ. Хүн хийж бүтээсэн зүйлдээ зоригтой ханддаг байх хэрэгтэй. Аливаа зүйлд зорьсон бол би буцах дургүй. Юманд тууштай байхыг эрхэмлэдэг. Эхлүүлсэн зүйлийнхээ эцсийн үр дүнг харах хамгийн сайхан. Миний хэлэх дуртай үг “Хийвэл бүү ай, айвал бүү хий”. Аливаа зүйлд зорилготой, сэтгэлтэй, хөдөлмөрч байснаараа амжилт олдог гэж би боддог. Би хүрээлж буй ойр дотны хүмүүсээс урмын үг сонсож, эрч хүч авах дуртай. Амьдралд олон сайхан зүйл бий. Тэр дундаас эрүүл саруул амьдарч, дуртай ажлаа сэтгэл хангалуун хийх л хамгийн эрхэм нандин зүйл юм.