Дэлхийн хамгийн завгүй нисэх буудлуудын нэг Нью Жерси мужийн Нью-Арк олон улсын нисэх буудалд хэд хэдэн нислэг саатаж газардсан байна. Нисэх онгоцнуудын эргэн тойронд үл таних хоёр ч дрон эргэлдсэнээс онгоцууд замаасаа хазайсан гэж мэдэгджээ.
Агаарын хөдлөгөөний хяналтын газарт нисгэгчийн өгсөн яриагаар дронуудын нэг онгоцонд ердөө есөн метрийн зайд ойртсон байна. Нисгэгч Тетерборо нисэх буудалд газардах ёстой байсан ч аюулгүй байдлын үүднээс Нью-Арк буудалд газарджээ.
Холбооны нислэгийн газраас мягмар гарагт дронуудаас болж өөр нисэх буудалд газардах ёстой байсан хоёр ч нислэг Нью-Аркад буух зөвшөөрөл хүссэн гэж мэдэгдсэн байна. Цагдаа нар үл таних дронуудын эзэмшигчийг шалган мөрдөж байна. Цаашид нисэх буудлуудын орчимд дрон нисгэхгүй байхаар дүрэм журам гаргах хэрэгтэй гэжээ.
АНУ-д албан ёсны эрхтэй 116,000 оператор 1,3 сая нисдэг биет эзэмшдэг гэсэн бүртгэл байна. Гэсэн хэдий ч албан ёсоор бүртгэгдээгүй олон зуун мянган дрон болон эзэмшигч байгаа аж.
Агаарын тээврийн зах зээлд алсын удирдлагатай нисдэг биетүүд томоохон аюул учруулж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Өнгөрсөн зул сарын баярын үеэр Их Британийн Гэтвик нисэх буудлын орчимд дронууд эргэлдсэнээс олон зуун нислэг гурав хоногийн турш саатсан тохиолдол гарсан. Мөн энэ сарын эхэнд Лондоны Хийтрөү нисэх буудалд дроноос болж нэг цагийн турш нислэг хойшилжээ.
Их Британийн эрх баригчид нисдэг биетүүдтэй тэмцэх ажлаа эхлүүлж, нисэх буудлын орчимд таван км-т дрон хөөргөхгүй байхаар болсон. Мөн 250 граммаас 20 кг хүртэл хэмжээтэй нисдэг биет эзэмшигчид заавал бүртгүүлсэн байх журамт тогтоожээ.
Эх сурвалж: www.bbc.com