СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-09-11

Яг жилийн өмнө та ингэж амласан

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий  сайдаар томилогдоод яг жилийн хугацаа өнгөрчээ. Бүрэн эрхийн хүрээнд нэг жил гэдэг багагүй хугацаа. У.Хүрэлсүх жилийн өмнө өөрийн намын Засгийн газар буюу Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрыг унагаж энэ эрх мэдэлд хүрсэн билээ. Тэр уг нь өмнөх Засгийн газартаа Шадар сайдаар ажиллаж байв. Ингэж бүрэлдэхүүнд нь багтсан ч гэлээ засгаа унагаж өөрөө гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон. Үүгээрээ тэр улс төрийн түүхэнд үлдэнэ.

Ерөнхий сайд болсныхоо дараа У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үг нэлээд хурц, зоримог, шийдмэг байв. Гэсэн ч өнгөрсөн жилийн хугацаанд улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг харвал Ерөнхий сайдын зориг зүрх мөхөж, хэлсэн үг нь мөлийсөн мэт харагдана. Тэр хэлсэндээ хүрч амласнаа биелүүлж чадсангүй. Хамгийн энгийн жишээ гэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаан нэлээд ширүүн болсон байдаг. Тэрээр “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана. Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана” хэмээн мэдэгдэж байлаа.

Харин нэг жилийн дараа яав, юу болов. Төрийн албан хаагчид ажлын байртаа архидан согтуурч, нэгнээ хөнөөсөн хэрэг гарлаа. Зам, тээврийн хөгжлийн яамны байранд энэ оны наймдугаар сарын 9-нд хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махгал халдсан болох нь тогтоогдоод байна. Ерөнхийдөө энэ хэрэг төрийн албаны сахилга бат, цаашлаад У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдаж байгааг харуулах шиг боллоо.

Энэ хэрэг явдлын дараа ЗГХЭГ-аас 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т шалгалт явуулсан. Шалгалтаар төрийн байгууллагын 830 өрөөнөөс согтууруулах  төрлийн 115 бүтээгдэхүүн, 11 ширхэг шатамхай /салют, бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрчээ. Энэхүү шалгалтын үр дүн мөн л төрийн албаны сахилга бат гэх зүйл үгүй болсон гэдгийг харуулсан. Тиймээс Засгын газрын тогтоолыг батлан гаргалаа. Цаашдаа төрийн байгууллагад  согтууруулах төрлийн бүтээгдэхүүн, элдэв бодис оруулахыг хатуу хориглож, хэрэв оруулж, хадгалсан байвал шууд ажлаас нь хална хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж байв. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар тааруухан мэдээлэлтэй нэг жилийн ойгоо угтаж байна. Ерөнхий сайдын хамгийн эхний амлалт болох төрийн албаны сахилга бат гэх зүйл энэ засгийн үед шалдаа буулаа. Яг жилийн өмнө УИХ-ын чуулганы индэр дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг юу амлаж байсныг эшлэн хүргэж байна.   

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.