Зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, найруулагч гээд тоочоод байвал дуусахгүй, ярилцаад суувал барагдахгүй мэдлэгтэй эрхэм бол Д.Төрмөнх. “Нохойн орон”, “Лардьма”, “Бодлын хулгайч” гэх түүний зохиолоор бүтсэн киногоор нь уншигч, үзэгч түүнийг андахгүй. Энэ удаад Д.Төрмөнхийг “Сэтгүүлч” буландаа онцолж ярилцлаа.
-Түүхэн роман бичээд тун завгүй суугаа гэдгийг сонслоо. Тэр дундаа Лигдэн хаан, Эсэн тайш гэх хүмүүсийг сонгон авсан нь ямар учиртай вэ?
-Түүхч Д.Өлзийбаатар бид хоёр багын найзууд. Түүхэн роман бичмээр байна гэсэн миний хүслийг сонсоод өөрийн шавь Ч.Содбилэгтэйгээ холбож өгсөн. Би ч Содоог өмнө нь таньдаг байсан л даа. Тэгээд бид хоёр уулзаад түүхэн хүмүүсээ сонгохдоо хэнээс эхлэх вэ гэдгээ ярилцсан. Ингээд Лигдэн хаанаас эхэлбэл ямар вэ гээд. Судлаад үзсэн чинь Лигдэн хааны тухай Ренчин гуай “Цогт тайж” дээр цухас оруулснаас өөр зүйл бараг байдаггүй юм байна.
Лигдэн хаантай холбоотой бүх л түүхэн эх сурвалжуудыг цуглуулаад суусан чинь зүгээр түүх өгүүлэхээс өөрөөр хиймээр санагдсан. Тэр ч бүү хэл ганц түүхэн роман бичээд зогсохгүй гурамсан роман бичье гэсэн нэг том амбицад хөтлөгдлөө чи минь. Лигдэн хаан түүнээс урагш Эсэн тайш, Тогоонтөмөр хааныг оруулж хиймээр санагдсан. Энэ гурван түүхэн хүн бүгд маш эгзэгтэй үед амьдарч байсан хүмүүс учраас тэр л дээ. Тэгээд эхлээд Лигдэн хааны түүхийг бичихдээ нэг бүлэг нь 1604-1634 онд Монголын төрийг барьж байсан Лигдэн хутагт хааны түүх, удаах бүлэг нь 2012 онд амьдарч байгаа Лигдэн гэх нэртэй улс төрчийн талаар дүрсэлж, бараг бүлэг бүр нь сөөлжиж оруулахаар холбож бичье гэж бодсон хэрэг. Лигдэн хааны түүх бол үнэн. Эх сурвалжаас гажаагүй. Харин улс төрч Лигдэн бол зохиомол дүр. Дараагийн дэвтэр нь Эсэн тайшийн талаар. Би Эсэн тайшийн талаар их сонирхож уншдаг байсан л даа. Алтан ургийнх биш мөртлөө хаан ширээнд суусан. Алтан ургийнхныг бүгдийг нь хядсан. Их хачин. “Ноёдын үхэл чуулганд нохойн үхэл бутанд” гэдэг үг энэ үеэс үүдэлтэй. Түүх нь сонин ээдрээтэй бас гунигтай нөхөр. Үүнтэй 1998 онд болсон үйл явдлыг холбоод бичсэн юм. Гэхдээ өмнөхөөсөө арай өөр зохиомжтой буюу өмнө бичсэн байсан “Кондуктор” гэж кино зохиолоо ашигласан юм. Энэ романд Хөхтөмөр гэж хүн кондуктор хийдэг мөртлөө цаазын ял гүйцэтгэдэг нууц ажилтны ээдрээтэй амьдралын талаар өгүүлдэг. Цаад утгаараа ч Эсэнтэй төстэй ч юм шиг. Гэхдээ өмнөх дэвтрээ бодвол илүү зөн ёрын илүү гүн ухааны ч юм шиг бичлэгтэй. нас барчихсан хүн тэнгэрийн оронд байх тэгээд газарт болж буй явдалтай холбогддог жоохон сонин зохиомжтой юм.
-Монгол бол хаад, хатдын түүх арвинтай ард түмэн. Нэгийг нь сугалж бичих, судлах, кино хийхэд хэдэн үеэрээ мөлжих сэдэв байна гэдгийг олон уран бүтээлчээс сонсож бай
лаа. их хаадуудаар нэлээд дагнах нь ээ?
-Тогоонтөмөр хааны түүхийг ирэх жилээс бичнэ. Тогоонтөмөр хааны талаар маш их эх сурвалжтай. Юан улсын сүүлийн хаан гэдэг утгаараа. Бараг 30-аад дэвтэр хятад хэл дээрх эх сурвалж байна. Одоо судалгаа явагдаж байгаа. Тогоонтөмөр хааны талаарх роман хоёр номыг нийлүүлсэн хэмжээний зузаан болох байх гэж бодож байна. Энд болохоор наад түүх нь 1988 онд болсон үйл явдлыг оруулах юм. Мөн л Хөхтөмөрийн амьдрал 10 жилээр ухарна. Ийм л утгатай гурамсан роман бичнэ гэсэн том амбицтай ажлаа эхэлсэн. Содбилэг дүүгийн хүчээр эхний хоёр дэвтрээ бичээд гаргачихлаа. Ер нь Монголын уран зохиол түүхийн чиглэлээ илүү барьж хөгжсөн юм шиг харагддаг. Олон сайхан түүхэн роман бий, манайд. Гэхдээ миний бичлэгийн хэв маяг яг тийм академик түүхэн романд нэг л зохихгүй юм шиг санагдаад тэгээд ч арай өөрөөр бичмээр бодогдоод нэн шинэ түүхтэй холбож бичих гэж үзээд л эхний хоёр дэвтрийн ард гарчихлаа. Түүх гэхээр залуучууд уншихгүй байх гэж бодсон. Тэгээд бас өнөө цагтай зэрэгцээ бичвэл илүү залуучуудад сонин байх болов уу л гэж жижиглэж өгсөн гэхүү дээ.
-Үйл явдал нь орчин үед өрнөж байгаа нь ямар учиртай юм бэ?
-1998 онд олон үйл явдал болсон. Би хүртэл 17 чингэлэг спиртийн хэргээр мөрдөнд орж байсан. Одоо ч шийдэгдээгүй үлдсэн Зоригийн аллага, Эрдэнэтийн үйл явдал гээд олон том хэрэг энэ онд болсон байдаг. Одоо бичигдэж буй Тогоонтөмөр хааны тухай өгүүлэх дэвтэрт наад түүх нь 1988 онд болж байгаа. Орос цэргүүд манайхаас гараад, ардчилал эхэлсэн хамаг юм эвдэрч өөрчлөгдсөн жил болохоор хоёрдугаар дэвтэрт өгүүлсэн Хөхтөмөр гэх кондукторын өмнөх 10 жил гарах юм. Харин тэргүүн дэвтрийн наад үйл явдал 2012 онд болдог. Яагаав дэлхий сөнөнө гээд балай юм болсон тэр жил шүү дээ. Энэ мэт сонирхолтой үйл явдал болсон онуудыг л сонгохыг бодсон юм. Яагаад гэвэл, түүх, уран зохиол боловч бас бус үнэн явдлууд орсон. Н.Энхбаярын баривчилгаа гэх мэт гардаг.
-Түүхч Ч.Содбилэгтэй хамтарч уран бүтээл хийхийн тухайд?
-Ч.Содбилэг бол их сонин намтартай залуу. 14-17 насандаа “Юан гүрний судар” гээд 500 гаруй хуудас ном биччихсэн. “Сэнтий түшсэн хатад” гээд ном гаргасан, Хятад, англи хэлтэй. Би өөрөө их хурдтай хүн. Олон юм зэрэг амжуулдаг, бичихдээ ч хурдан. Надад чирэгдэх болов уу гэж бодсон чинь зэрэгцээд л маш хурдтай ажилладаг. Энэ талаараа бид гар нийлсэн гэж хэлж болно. Ийм ийм түүхэн эх сурвалж хэрэгтэй байна гэхээр маш хурдан олоод өгдөг. Би тэрийг нь найруулж янзлаад явж байгаа ч хоорондоо бүтцээ тохироод тэр өөрийн хийхийгээ хийж өгөөд би өөрөө голлон найруулж бичиж байгаа. Бид хоёр эхний ээлжид энэ гурамсан романаа гаргачихаад цаашид гурав гурваар үргэлжлүүлээд есөн дэвтэр болгох санаа бий.
Монголын уран зохиол түүхийн чиглэлээ илүү барьж хөгжсөн юм шиг харагддаг. Олон сайхан түүхэн роман бий, манайд. Гэхдээ миний бичлэгийн хэв маяг яг тийм академик түүхэн романд нэг л зохихгүй юм шиг санагдаад тэгээд ч арай өөрөөр бичмээр бодогдоод нэн шинэ түүхтэй холбож бичих гэж үзээд л эхний хоёр дэвтрийн ард гарчихлаа.
-Та Төрийн хошой шагналт, зохиолч д.Намдагт зориулж роман бичсэн. роман бичих болсон нь үүнтэй холбоотой юу?
-Би Д.Намдаг гуайг их уншиж, шүтэж явдаг. Романдаа “нэг амьтны хоёр үхэл” гэдэг алдарт тэмдэглэлийг нь оруулж дэлгэрүүлсэн. Мөн номоо ойролцоо нэрлэсэн нь ийм учиртай. Тэр тэмдэглэлийг би залуу байхаасаа л уншиж ирсэн. Одоогийн залуучуудад ч гэсэн уншуулмаар, эргүүлж сануулмаар санагддаг. Ер нь тэгээд одоо бид бүтээлээ залуучуудад зориулах нь чухал. Хөгшин партизаны яриа гэдэг шиг хөгшчүүл бид хоорондоо яриад суух бол хоцрогдол.
-Ном бичих ч яах вэ, хэвлүүлэх зардал гэдэг хамгийн хэцүү гэж ахмад зохиолчид хэлж байсныг сонсож байлаа. Таны хувьд?
-Кино хийнэ гэвэл асар их мөнгө хэрэг болдог. Доод тал нь 200-300 сая төгрөг. Өөдтэй юм хийе гэвэл 400-500 сая төгрөг. За тэгээд гадны төсөв бол хэдэн арван сая доллар болдог. Мөнгө олдохгүйгээс болж их олон жил дэмий кино зохиол бичээд суух тэнэг явдал учир арай бага мөнгөөр уран бүтээл хийе гэж бодсон. Өөрийн амьдралаас сэдэвлэсэн “Санкара” гэж номоо анх удаа хэвлүүллээ. Хоёр романтайгаа нийлээд гурван ном 1000, 1000 хувь хэвлүүлэхэд 15 гаруй сая төгрөг орсон. Ном уншилт бага болохоор бүхэл гаргасан мөнгөө жижгээр цувруулж л олдог. Хэвлэлтийн зардал байхад л болчихдог болохоор хэзээ хийгдэх нь мэдэгдэхгүй кино зохиол бичиж суухаас бол хамаагүй дээр. Ганц хоёр кино миний зохиолоор хийгдсэн. Одоо бэлэн байгаа кино зохиолууд маань өртөг өндөр болох гээд. Америкт зураг авалт нь хийгдэх болоод явчихлаар л кино хийж байгаа хүмүүст нь хүндээр тусчихдаг. Номон дээр бол Нью-Йоркод гээд л бичээд эхлэхэд мөнгө төлөхгүй шүү дээ. Тийм болохоор л ном руу орж байгаа юм.
-Есөн боть бичнэ гэж байна. Хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Лигдэн хаан, Эсэн тайш нарын талаар манайд өмнө нь бичиж байгаагүй байх. Цааш нь Монгол хатдаар үргэлжлүүлэх бодол бий. Манайд эмэгтэй хүн их эрх мэдэлтэй байсан. Мөн л энэ цагийн түүх нь өмнө бичээд бас л мөнгө нь олдоогүй “Салхинд хэлэх үг” гэж Хятадад хар тамхи зөөж байгаад баригдаж алах ял заагдаад амь хэлтэрч насаараа хорих ялтай болсон Байгалмаагийн үнэн түүхээр биччихсэн нэг кино зохиолоо Хубилай хааны хүү Чингүмийн хатан байсан Хөхчин хатны түүхтэй холбох бодол ургаад байгаа юм. Байгаа зүйлсээ л ашиглах гээд байгаам шүү дээ. Хэзээ ч мөнгө олж хэзээ ч кино хийгээ билээ тийм биз дээ. Гэхдээ үүнийг ярих арай эрт байнаа. Гутгаар дэвтрээ бичиж дуусаж байж хөдлөх асуудал.
-Хүний намтар бичих түүхэн роман бичих ондоо байх л даа. Түүхийг уран зохиолын хэлбэрт оруулан бичихэд уран бүтээлч өөрийгөө их мэрж, бодол санаагаа чилээж бичих юм шиг санагдаж байна?
-Түүх ч гэсэн бодит хүмүүс учраас нэг их ялгараад байх зүйлгүй. Харин ч уран зохиол тул бүр ч чөлөөтэй байж мэднэ. амьдралын эргүүлэгт унаад боссон түүхээ бичсэн. Гэхдээ бүгд үнэн.
-Та одоогийн Ерөнхийлөгчийн талаар “Миний мэдэх женко баттулга” гэж ном бичсэн. борлуулалт нь нэлээд их тоо сонсогдож байсан?
-Д.Намдаг гуайн хэлсэн үг байдаг. Хоёр хүний дунд нэг худлыг хавчуулж амьдар гэж. Би хэдийгээр өөрийнхөө амьдралыг тэр чигээр нь шахуу бичсэн ч гэлээ гуравдугаар биеэс Мөнхөө гэх залууд тохиолдсон явдал мэтээр бичсэн юм л даа. Нэмж зохиож хачирласан юм бараг л байхгүй. 6, 7 жилийн өмнө бичсэн ч одоо хэвлүүлж байна даа. “М+”-т тавьсан. Санкараг биччихээд и-мэйлээр найз нөхдөдөө уншуулдаг байсан юм. Тэгээд нэг удаа 10 хоног бясалгалд суугаад гараад ирсэн чинь Х.Баттулга баахан залгачихсан байсан. Яасан бэ гэсэн чинь хүрээд ир гэлээ. Очсон чинь нөгөө номын эхийг чинь баахныг хэвлээд тавьчихсан залуучууддаа уншуулна гэж байх юм. Тэгээд намайг тоосонд баярлаад ярьж суутал “Чи ер нь миний намтрыг биччих хүн юм биш үү” гэсэн. Би ч хэлсэн л дээ. “Чиний талаар хамгийн сайн мэдэх сэтгүүлч би ч байж мэднэ” гэж. Тэгээд “Миний мэдэх Женко Баттулга” гэж номыг бичсэн. Тулга чинь амнаас нь алт унах гэж байгаа юм шиг дуу цөөтэй хэцүү хүн л дээ. Амыг нь татах нь холгүй байж яриа авч өөрөө ч түүнийг сайн мэдэхийн хувиар л мэдэх зүйлээрээ баяжуулж бичсэн юм. ДУДС-д хамт сурч байсан үеэс тоолбол бараг 40 жил ойр явлаа шүү дээ. Тэр ном ч маш сайн борлогдож урам өгсөн дөө, 13 мянган хувь зарагдсан юм шүү дээ.
-Санкара гэж ер нь юу гэсэн үг вэ?
-Пали хэлээр хариу үйлдэл гэсэн утгатай. Хүний сэтгэл буюу оюун ухаан дөрвөн хэсгээс бүрддэг юм байна л даа. Виня, саня, венда, санкара гэж энэ дөрвийг пали хэлээр ингэж нэрлэдэг . Хүний чихэнд ямар нэг дуу авиа шүргэхэд виня гэх эхний хэсэг дуу орж ирлээ л гэж таньдаг юм байна л даа. Тэгээд дараачийн хэсэг ажлаа хийдэг. Тэр хэсгийг Саня гэдэг бөгөөд дүгнэдэг байна. Энэ дуу бол хараал байна эсвэл магтаал байна аа гэдэг ч юм уу. Үүнийг Венда гэдэг. Мэдрэмж гэсэн пали үг л дээ. Сайхан үг сонсохоороо биеэр таатай мэдрэмж тарж, муухай үг сонсвол бие арзайж, дотор пал хийдэг ч юм уу биеэр сайхан эсвэл муухай мэдрэмж үүсдэг байна. Хамгийн сүүлийн хэсэг болох Санкара гэдэг нь тэр хүлээж авсан мэдрэмжийн дагуу хариу үйлдэл хийхийг хэлж байгаа юм. Бидний сэтгэл буюу оюун ухаан ийм дэс дараатай ажилладаг бөгөөд үүнээс үйлийн үр үүсдэг. Таван мэдрэмж яг ийм дараалалтай. Сонсох, амтлах, харах, үнэртэх, хүртэх бүгд адилхан. Энэ олон санкара үйлийн үрийг буй болгож байдаг аж. Санкара гэдэг үйлийн үр гэсэн утга л даа угтаа бол. Ийм учраас өөрийнхөө тухай өгүүлэх номыг “Санкара” гэж нэрлэсэн хэрэг. амьдралын эргүүлэгт унасан боссон зүйлээ бүгдийг шахуу нуулгүй бичсэн юм. ном гэдэг зохиолч хүн ганцаараа бичиж уншигч мөн л ганцаараа уншдаг болохоор их аминч яриа санагддаг. Тэгээд л тийм зоригтой бичсэн хэрэг. Гэхдээ бүгд үнэн.
-“Миний мэдэх женко баттулга” ном одоо хэдэн хэл дээр хэвлэгдээд байна вэ?
-Гадагшаа гаргахдаа “Миний мэдэх Ерөнхийлөгч Баттулга” гээд л явуулаад байгаа. Номонд бол Ерөнхийлөгчтэй холбоотой үг үсэг байхгүй. Тулга болохоор “Яах вэ, анкет л юм даа” л гэдэг юм. Юрий Кручкин орос хэл рүү орчуулаад Орост гаргасан. Цөөхөн хувиар хэвлэсэн. Сүүлийн 20 жилд дөрөвхөн ном л монгол хэлнээс орос руу орчуулагдсан байдаг юм байна. Тиймээс их сонирхсон гэж хэлж байсан. Путины бие төлөөлөгч Левитин ирэхдээ хоёрыг худалдаж авсан. Путинд нэгийг нь өгнө гээд байсан бодвол ч уншсан л байх. Дараа нь Энэтхэгт суугаа элчин Ганболд англи хэл рүү орчуулж Энэтхэгт хэвлүүлсэн. Удахгүй нээлт нь Дели хотод болно. Хятад хэл дээр Гэрэлт гэж өвөрлөгч залуу орчуулсан. Хэвлэгдээгүй байна. Тэнд чинь ном хэвлүүлэхэд олон зөвлөлөөр орж зөвшөөрөл авдаг учраас он гарахтай зэрэгцээд хэвлэгдэх болов уу гэж бодож байна. Өвөрмонголд нэлээд зарагдах болов уу гэж найдаж байгаа. Кимүра аяако япон хэл рүү орчуулж байна. Солонгос хэл дээр бас орчуулж байгаа. Германы хэвлэлийн газар сонирхоод над руу холбогдсон. Орчуулах байх. Казах хэл дээр орчуулагдаж байгаа гэсэн. Бодсон чинь Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай ном байдаг юм уу. “Тэнгэрийн цаг” гэж П.Очирбат гуайн өөрийнх нь бичсэн нэг ном л харж байсан санагдаж байна.
-Одоо таныг хөрөг бичиж байгаа гэж сонссон. Энэ олон ажлыг яаж амжуулаад байна вэ?
-Хүн бүр өөр өөрийн онцлогтой. Би хүүхэд байхдаа уншиж байсан. Марк Твен ч бил үү оршуулгын газар очоод “Энд дэлхийн түүх нойрсож байна” гэж хэлсэн байдаг. Хувь хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Хоорондоо давтагдашгүй. Хүн бүр өөр учраас тэр өвөрмөц чанарыг нь гаргахын тулд их бодно. Гэвч бас хүн бүхэн сонирхолтой амьдралтай биш ээ. Гэхдээ амаргүй, өнөөх хүнд таалагддаг зүйл надад бол сонин биш байх гэх мэт. Ер нь жаахан адармаатай ажил. Өөрсдөө хүссэн цагт олдохгүй. Би худлаа зохиож болохгүй. Тэгээд л жил тойрсон ажил болдог. Ерөнхийлөгчийн тухайд бол би сайн мэдэх учир хамаагүй амар байсан. Тэгээд ч их сонирхолтой амьдралтай хүн шүү дээ.
-Цаашид бүтээлээрээ дамжуулж ямар шинэ дүр гаргаж ирэх гэж байна вэ?
-“Түмний нэг” хөрөг цуврал явж явж маш хэцүү тухай дээр өгүүлчихлээ. Харин түүхэн роман бичхэд чөлөөтэй юм. Хувь хүний талаар бичхээр өнөөх хүнийхээ эвийг олж асуух гэсээр хамаг цагаа авдаг, зохиож болохгүй тэгээд тэр хүнд ямар шуу юм таалагдах ч их ээдрээтэй гэх мэт. Гэхдээ хэд хэдэн хүн зэрэг явж л байгаа. уИХ-ын гишүүн Л.Болдын тухай ном жил гаруйн өмнөөс эхэлсэн ч дуусгаж болохгүй л өнөөг хүрчихлээ, хуульч О.алтангэрэл нэлээд дөхөж байгаа, Д.Сумъяабазарыг дөнгөж эхлүүлчихсэн явж л байна.
-Таны охин Т.Номуунзул кино зохиол бичээд хоёр, гурван кино хийчихлээ. Үүнд таны ямар нэг оролцоо байдаг уу. охиныхоо зохиолыг нь бичсэн киног үзээд танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Сэтгэл хангалуун байдаг. анх жүдоч Д.Сумъяагийн талаар киноны зохиол бичсэн. анх надад уншуулаад нэрийг нь асуухаар нь “Цагаан хадаг” гэж хэлж өгсөн. Сүүлд хийсэн кино зохиолыг нь харсан. Гэхдээ засаад сүйд болоод байдаггүй. нэг мэдсэн чинь л ийм кино зохиол бичдэг охинтой болчихлоо. Одоо бас нэг кино хийх гээд хамаг мөнгөө үрчихээд ажил нь зогсчихоод байгаа бололтой. найруулагч Ж.Сэнгэдоржтой их гар нийлээд байгаа харагддаг. Залуу хүүхэд болох биз дээ. Би туслаад сүйд болсон юм ёстой байхгүй. Яахав, ганц нэг үг хэлдэг. Өөрийнх нь хувь тавилан биз.
М.Мөнхтунгалаг