НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын газрын 2010 онд таамаглаж байснаар 2020 он гэхэд дэлхий дээр 1,4 тэрбум жуулчин аялна гэжээ. Харин өнгөрөгч 2018 он аялал жуулчлалын салбарт ээлтэй жил байж шинжээчдийн таамаг хоёр жилийн өмнө биеллээ олсон байна. Өөрөөр хэлбэл 2018 онд 1,4 тэрбум жуулчин аялал хийжээ.
“Ойрын жилүүдэд аялал жуулчлалын салбар үсрэнгүй хөгжиж байгаа нь эдийн засаг, хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг гэдгийг баталж байна” гэж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зурба Пололикашвили мэдэгдсэн юм.
2018 онд аялал жуулчлал хамгийн их өссөн бүс Ойрхи Дорнод байжээ. Энэ бүсийн аялал жуулчлалын салбар 10 хувиар өсч 64 сая жуулчин, Африкт долоон хувиар өсч 67 сая жуулчин, Ази-Номхон далайд зургаан хувиар өсч 343 сая аялагч, Европт мөн зургаан хувиар өсч 713 сая хүн аялжээ.
Харин Америкт уг салбарын өсөлт хөгжил дэлхийн дунджаас бага буюу гурван хувиар өссөн байна. Тэр дундаа төв Америк, Карибын орнуудад аялал жуулчлал хоёр хувиар буурчээ. Үүнийг 2017 оны есдүгээр сард Ирма, Мариа далайн хар шуурга Карибын тэнгисийн орнуудыг дайран өнгөрсөнтэй холбон тайлбарлаж байна.
2019 онд дэлхийн аялал жуулчлал 3-4 хувиар өснө гэсэн таамгийн НҮБ-ын шинжээчид дэвшүүлээд байна. Брексит, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэгтэй холбогдуулан дэлхийн эдийн засаг суларснаар аялал жуулчлалд хэрхэн нөлөөлөхийг хянамгай ажиглах хэрэгтэй гэлээ.
Эх сурвалж: www.cnn.com