Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон УИХ-ын тухай хуулиндаа хориг тавих шаардлагагүй гэж үзжээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргад мөн албагн бичиг хүргүүлсэн байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан дээрх хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталсан юм. Ингээд нэгэнт батлагдсан хуулийг УИХ-ын тамгын газраас Ерөнхийлөгчид ёсчлон хүргүүлдэг уламжлалтай. Энэ дагуу өчигдөр буюу 01-р сарын 22-нд хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээс хойш тав хоногийн дотор хариу ирүүлэх ёстой юм.
Харин хуулийг хүргүүлсэн даруйд Ерөнхийлөгч хариу албан бичгийг УИХ-ын даргад явуулжээ.
Тэрээр уг албан бичигтээ,
“Миний бие Улсын Их Хурлын үйл ажиллагааг гацаанаас гаргах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилгын хүрээнд эдгээр хуулиудын төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд дагаж мөрдөх хугацаанаас өөр өөрчлөлтгүйгээр баталсанд талархаж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад хориг тавих шаардлагагүй гэж шийдвэрлэлээ” гэжээ.