Ирэх гуравдугаар сарын 31-ний өдөр Турк улсад орон нутгийн сонгууль болох гэж байна. Сонгуулийн өмнөхөн сөрөг хүчний намууд өмнөх сонгуультай холбоотой баримтуудыг дэлгэжээ.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх баригч Шударга ёс ба хөгжлийн нам ойрын жилүүдэд хүндхэн сорилтуудтай тулгарч байгаа. Эдийн засгийн зогсонги байдал, үнэт цаасны ханшийн уналтаас үүдэн эрх баригч нам Анкара тэргүүтэй хэд хэдэн хотод ноёрхлоо алдаж эхэлжээ.
Бүгд найрамдах ардын нам, Ардын ардчилал намуудын илрүүлсэн баримтад зуугаас дээш настай, анх удаа санал өгөх гэж буй 6,000 гаруй сонгогч бүртгүүлсэн байна. Тэдний дунд 165 настай иргэн байгаа нь Геннисийн амжилтад бүртгэгдсэн дэлхийн хамгийн өндөр настай хүнээс хэдэн арваар илүү насалжээ.
Одоогоор дэлхийн хүн төрөлхтнөөс хамгийн өндөр настай иргэн 116 настай. 165 настай Айсе Экичи нь 1854 онд буюу Оттоманы эзэнт гүрний үед мэндэлсэн, анх удаа саналаа өгөхөөр бүртгүүлсэн байх юм.
Мөн нэг хаяган дээр 1,000 хүн бүртгүүлсэн байсныг сөрөг хүчний намууд олон нийтэд дэлгэжээ. Хаягийг шалгахад хэн ч байхгүй, хоосон барилгын талбай байсан байна.
Түүнчлэн Чанкири дүүрэгт санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн тоо зургаан сарын дотор 95 хувиар нэмэгджээ. Сөрөг хүчнийхэн эдгээр тоо баримтуудыг олон нийтэд дэлгэснээр сонгуулийн явц шударга болоогүй гэж үзэн сонгуулийн хороонд мөрдөн шалгах хүсэлт тавиад байгаа юм.
Эрх баригч Шударга ёс ба хөгжлийн намын зүгээс “энэ нь сонгуулийн өмнө сөрөг хүчний намынхны зохиосон тоо баримт, үүгээрээ эрх баригч намыг хорлож чадахгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: www.bbc.com