Өмнөговь аймагт томуу, томуу төст өвчний шинж тэмдэг газар авч, одоогоор нэг хүн нас баржээ. Иймд ирэх хоёрдугаар сарын 8-ны өдрийг дуустал олон нийтийг хамарсан ажил арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо.
Өмнөговь аймгийн хэмжээнд амбулатороор үзүүлсэн иргэдийн 23,5 хувьд нь томуу томуу төст өвчин илэрсэн, нийт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтний 42,1 хувь нь томуугаар өвчилсөн аж. Эрүүл мэндийн сайдын 258 дугаар тушаалд "Тухайн өвчний шинж тэмдэг бүх нутгийн нийт хүн амын 15%-ийг хамарсан тохиолдолд ямар нэг олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахгүй" гэж заасан байдаг. Тиймээс тус аймгийн онцгой комисс хуралдаж, Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар хоёрдугаар сарын 8-ны өдрийг дуустал аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
Олон нийтийг хамарсан арга хэмжээ гэдэгт: Олон нийтийн цугларалт, томоохон баяр ёслол, наадам багтдаг. Үүнд цагаан сарын баяр ч багтана.
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал: "Манай аймагт томуугийн өвчлөлийн улмаас нэг хүн нас барсан тохиолдол гарсан. Тиймээс иргэн бүр өөрсдийгөө ханиад томуунаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжийг дагах хэрэгтэй. Эм эмнэлгийн хэрэгсэл, нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх, иргэдэд хүргэх мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болгосон" гэлээ.