СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлах саналыг өчигдөр шөнө хүргүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Дөнгөж сая өгсөн мэдээлэлдээ ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан "НИТХ-аас Хотын даргад сонгогдсон С.Мөнхчулууныг батламжлуулахаар Ерөнхий сайдад санал ирүүлээгүй байна" гэж хэлсэн билээ. Тэгвэл НИТХ-аас 2019-01-21 нд С.Мөнхчулууныг Нийслэлийн засаг даргаар батламжлах саналыг ЗГХЭГ-т хүргүүлсэн бичиг гарчээ.

Энэ зөрүүтэй байр суурийг тодруулах үүднээс нэр дэвшигч С.Мөнхчулуунаас тодруулга авлаа.  

Засаг даргаар батламжлах бичгийг одоо хүртэл Засгийн газарт хүргүүлээгүй гэж ЗГХЭГ мэдэгдсэн. Батламжлах саналыг хүргүүлээгүй байгаа юм уу. Бас 16-нд хүргүүлсэн бичиг бүрдэл дутуу гэж буцаагдсан юм уу?

Миний хувьд нэгдүгээр сарын 16-ны өдөр бүх материалаа бэлдээд ирсэн. Нэгэнт нэр дэвшиж байгаа хүний хувьд нэг бичиг дутуугаас дэвших эрхээ хасуулахгүйн тулд бүх бичиг баримтаа бүрдүүлсэн. Харин тогтоол дээр огноо нь бичигдээгүй, дугаар тавигдаагүй байсан юм байна. Засгийн газарт уламжлах бичиг дээр гарын үcэг зурагдаагүй байсан. Өчигдөр орой 18.30 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газар дээр байхад бичиг нь гараагүй байсан. 

Ерөнхий сайдад хүргүүлэх хуулийн хугацаа дуусах гэж байгаа юм биш үү. Ерөнхий сайд хуулийн хугацаандаа батлахгүй бол яах вэ?

-Хуульд Ерөнхий сайд хэд хоногийн дотор хариу өгнө гэсэн тодорхой заалт байхгүй. Албан бичиг хөтлөлтийн журмаараа шийдэгдээд явна. Миний хувьд нэгдүгээр сарын 16-ны өдөр гарсан тогтоолыг өнөөдрийг хүртэл хүргүүлэхгүй байгаа нь хуулиар олгогдсон эрхэнд халдсан гэж үзэж байгаа юм. Тэгээд Ерөнхий сайдын өмнөөс ямар нэгэн байдлаар шийдвэр гаргасан мэтээр яриад байгаа нь харамсалтай.

-Хэрвээ  таныг  батламжлахгүй бол дараагийн процесс нь юу вэ?

-Ер нь батламжлахгүй байна гэдэг зүйл үүсэхгүй болов уу гэж бодож байна. Миний хувьд хуульд заасан шаардлагыг хангасан. Нэгэнт НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналыг авч сонгогдож гарсан учраас Ерөнхий сайд батламжлах байх гэдэгт итгэж байгаа. Хэрвээ ямар нэгэн байдлаар батламжлахгүй бол хуульд заасны дагуу Ерөнхий сайд буцааж байгаа бичгээ НИТХ-д хүргүүлнэ. ИТХ нь хуульд заасан хүрээнд эхний байдлаар хуралдаад нэрийг дахин хүргүүлнэ. Үүний дараа Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах үүрэгтэй.

-НИТХ-ын дарга С.Амарсайхан Засаг даргаар сонгогдсон тогтоол дээр гарын үсэг зурж, тамга дарахгүй, зугтаад байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн юм уу?

- Өнөөдөр 16-наас хойш 7 хонох гэж байна. Баасан гаригт бичиг яагаад явахгүй байна гэдгийг ИТХ-ын ажлын албаны даргаас асуусан. Хурлын дарга дээр оруулсан, гарын үсэг зурагдаагүй гэдэг мэдээлэл өгсөн. Даваа гаригт хурлын даргатай уулзахаар хүлээж байгаад үдээс хойш уулзахад “одоо зурна, явуулна аа” гэдгээ хэлсэн. Миний хувьд одоо бичиг албан ёсоор явсан гэж ойлгож байгаа.

-МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн байхад таныг гэнэт нэр дэвшсэн нь танай намын хуваагдлыг харууллаа гэж дүгнэж байна. Ер нь та яагаад гэнэт нэрээ дэвшүүлсэн юм бэ?

-Энэ бол ямар нэгэн хуваагдалтай холбоотой асуудал биш. ИТХ-ын төлөөлөгч бол иргэдээс сонгогдсон, иргэдийн төлөөлөл болсон төлөөлөгчид. Бид нийслэлийн иргэдийн сонголтыг авч, олонхийг бүрдүүлж, Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хичээж зүтгэнэ. Миний хувьд  өөрийгөө хамт өрсөлдөж, нэр дэвшсэн хүнээс илүү төвшинд бэлтгэгдэж, өөрийгөө чадна гэж үзсэн учраас нэрээ дэвшүүлсэн.

-Таныг “60 тэрбум”-ынхантай холбоотой гэдэг мэдээлэл яваад байгаа?

-Энэ бол хууль хяналтын байгууллагын шалгах ёстой асуудал. Надад “60 тэрбум”, ЖДҮ гэдэг юм уу ямар нэгэн асуудал байхгүй. Хэрвээ байсан бол зоригтойгоор өөрийнхөө нэрийг заалнаас дэвшүүлэхгүй байсан.

-Таны хамаарал бүхий этгээд “Улаанбаатар Радио”-г булааж авах маргаан 10 гаруй жил үргэлжилсэн. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд буцаана гэсэн мэдээлэл гараад байгаа. Танд ийм олон жил шийдэгдээгүй маргаантай асуудал бий юү?

-Энэ бол надад ямар ч хамаагүй. Манай хадам ээжтэй холбоотой асуудал. Манай хадам ээж "Нарны титэм"-ийн  байрны  нэг давхарт үсчин, цайны газар ажиллуулдаг. 1990 оноос хойш ажиллуулсан юм билээ. Би энэ айлд 2007 онд хүргэн болсон. 1990 оноос хойш ажиллуулсан цайны газрыг нь 2005 оны НИТХ-ын тогтоолоор манай хадам ээжийн “Наран булаг” компанид хувьчилж өгсөн. Үүний дээд талд нь “Улаанбаатар радио” компани 2003 онд орж ирсэн. Ингээд манай хадам ээжийн компанийг бүхэлд нь хувьчилж авна гэсэн. “Улаанбаатар радио” Зам тээврийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэлийн компани. Ингээд доод давхартаа байгаа жижиг компанийг бүхэлд нь хувьчилж авна гэсэн маргаан үүсгээд 10 гаруй жил шүүхээр явсан. 2016 он онд шүүхээс “Улаанбаатар радио” энэ талаар дахин маргаан үүсгэх эрхгүй. Өөр өөрсдийнхөө юмыг ав гэдэг шийдвэр гарсан юм байна лээ. Би үүнд нь ерөөсөө оролцдоггүй. Надад тийм цаг зав ч байхгүй. Хадмын компани надад бол ямар ч хамаа байхгүй. Шаардлагатай бол холбогдох газрууд нь шалгаж тогтоох байлгүй.

-Байр нь нийслэлийн өмч юм биш үү?

-Тэр байр нь нийслэлийн өмч. Нийслэлийн өмчөөс түрээсэлж байгаад 2005 онд хувьчилсан. “Ийм асуудал яригдлаа энэ талаарх баримтыг гаргаж өгөөч” гэж хадам ээждээ хэлсэн. 2005 онд “Наран булаг” компанид 170 метр квадратыг хувьчилсан байдаг. Гэтэл 2003 онд “Улаанбаатар радио” орж ирээд хүний өмчийг шууд дээрэмдсэн. Энд ганц манай хадам ээжийн компани байхгүй. Хажууд нь “Бадрал” гэж бас нэг компани бий. Эдгээр компанийг Б.Цогтгэрэл дэд сайд асангийн компани булааж авна гэдэгтэй л холбоотой шүүхийн маргаан. Засаг даргын асуудал яригдаад эхлэхээр энэ талаарх мэдээллийг явуулж байна. Цахим орчноор тарж байгаа миний талаарх мэдээллүүдийг Б.Цогтгэрэл дэд сайд явуулж байгаа гэж таамаглаж байгаа. Өмнө ч гэсэн янз бүрийн асуудлаар намайг харлуулах зүйлийг явуулж байсан.

-Ерөнхий сайд үүнийг үндэслээд таныг батламжлахаас татгалзвал яах вэ?

-Энэ бол үндэслэл биш. Надад ямар ч хамааралгүй. Тиймээс үүнийг үндэслэл болгож түдгэлзүүлэх ямар ч боломжгүй.

Жич: НИТХ-аас С.Мөнхчулууныг засаг даргаар батламжлуулахаар Ерөнхий сайдад хүргүүлсэн бичгийг хавсаргав

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.