АНУ-ын Засгийн газар түр зогсолт хийгээд тав дахь долоо хоногтойгоо золгож байна. Энэ хугацаанд холбооны нийт ажиллах хүчний 40 хувь болох 800,000 ажилтан ажилгүй байна.
Ажилгүй байгаа олон зуун мянган төрийн албан хаагчдын цалингийн талаар олон нийтийн цахим сүлжээнд маргаан өрнөсөн байна. Яг үнэндээ холбооны ажилтнууд хувийн салбарынхнаас бага цалин авдаг гэжээ.
Холбооны мөрдөх товчоо бол АНУ-ын аюулгүйн албаны шилдэг байгууллагуудын нэг. 38,000 ажилтантай тус байгууллагын нэг ажилтны жилийн дундаж цалин 37,000 ам.доллар байдаг аж.
Сарын 600-800 мянган төгрөгийн дундаж цалинтай монголчууд бидний хувьд их сонсогдож болох ч Америкийн бусад байгууллагатай харьцуулахад бага гэдгийг эх сурвалж онцолсон байна.
Холбооны мөрдөх товчооны нийт ажилтны 1/3 нь буюу 13,000 нь агентууд байдаг. Эдгээр агентууд зарим хот, мужийн хууль хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнуудаас илүү чадвартай ч бага цалин авдаг. Товчооны ажилтнууд хамгийн багадаа дөрвөн жил их дээд сургуульд суралцсан бакалаврын зэрэгтэй, ажлын туршлагатай байх ёстой.
Мөн гадаад хэлний мэдлэг, тооцооны ухаан, хууль, цахим аюулгүй байдлын талаар онцгой мэдлэг чадвартай байх шаардлагатай. Ажилд орохын өмнө тусгай чадварын шалгалт өгдөг гэхчлэн жирийн нэг төрийн албан хаагчдаас шалгуур өндөр байдаг.
Хэрэв Холбооны мөрдөх товчоог ангилал өндөр албан байгууллагад шилжүүлбэл шинээр орсон агентын цалин жилийн 48,290 ам.доллараас эхэлнэ. Амьдрах өртөг өндөр хот, мужид ажиллаж байгаа ажилтнуудад уян хатан нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал Вашингтонд ажилладаг бол жилийн 84,000 ам.долларын цалинтай байвал зохистой гэж үзжээ.
Америкт төрийн албыг 1-15 хүртэл шат дарааллаар ангилдаг. Ангилал нэмэгдэх тусам цалин ихэсдэг. Холбооны мөрдөх товчоо уг шатлалын 7,8 дугаарт багтдаг бол мэргэжилтнүүд 10 дугаар шатлалд оруулбал зүйтэй гэсэн саналыг дэвшүүлжээ.
Эх сурвалж: www.qz.com