СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-22

Ж.Бат-Эрдэнэ: Би Т.Аюурсайханд “Наад залуучуудаа зогсоо. Битгий давруулаад бай” гэж хэлсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

О.Ариунцэцэг

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа

-Т.Аюурсайхан гишүүн таныг өөрийнхөө тухай худал мэдээлэл тараасан гэж цагдаад өгчээ. Үнэхээр та түүнийг гүтгээд байгаа юм уу. Эсвэл Т.Аюурсайхан гишүүн ярьсан хэлснээ мартчихсан хэрэг үү?

-Өнгөрсөн баасан гаригт Цагдаагийн Ерөнхий газраас ярьсан. Очиж уулзаад Т.Аюурсайхан гишүүн гомдол гаргасныг мэдлээ. “Надад тийм дүү байдаггүй, намайг гүтгэж байна” гэсэн гомдол гаргасан бололтой. . Үүнд Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн уурлаж байгаа гэж би бодохгүй байна. Улс орныхоо төлөө хариуцлага үүрсэн хүний хувьд би ийм зүйлийг тэвчих ёсгүй. Би ийм зүйлийн эсрэг зогсож байх үүрэгтэй хүн. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд хүн гүтгэх ёсгүй. Харин үнэн бодит байдлыг ярих үүрэгтэй. Би орон нутгийнх нь Засаг даргад хэлсэн. Засаг дарга нь тун удалгүй эргээд над руу ярьсан. “Гишүүн ээ таны хэлсэн хүмүүс чинь хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Эсэргээрээ энэ хүмүүсийг зогсоох ёстой юм байна. Одоогоор Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн” гэсэн. Мөн “Яваад очихоор хүн байдаггүй. Явсны дараа ухаад эхэлчихсэн байх юм. Хууль бус явдал болж байна гэдгийг хэлэхээр таны болон Т.Аюурсайхан бас дахиад нэг гишүүний нэр бариад томроод байна.” гэдгийг хэлсэн. Би тэр хоёр гишүүнтэй уулзсан. Би Т.Аюурсайханд “Наад залуучуудаа зогсоо. Битгий давруулаад  бай” гэж хэлсэн. Тэрээр “Би тэр залуучуудад “Битгий давар” гэж хэллээ. Уг нь тийм зүйл хийхээргүй л хүмүүс байгаа юм” гэсэн. Харин нөгөөх гишүүн нь “Тэр залуучуудыг таних ч үгүй” гэж хэлсэн. Асуудал үүн дээрээ тулаад л явсан шүү дээ.


-Тэрхүү компани нь одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

-Мэргэжлийн хяналтын газраас шалгалт яваад үйл ажиллагааг нь зогсоосон. МХЕГ-аас 1.7 сая төгрөгийн торгууль тавьсан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. Одоог хүртэл МХЕГ-ын хараанд байсаар байгаа юм билээ. . Энэ нь одоо илэрч байна. Тиймдээ ч лээ. Цагдаад хүртэл хандаж байх шиг. Нэр төрөө сэвтхээс ингэтлээ айж байна шүү дээ. Би бол айхгүй байна. Над дээр ирж гуйсан нь, би цааш нь хэлсэн нь, тэр хүмүүс нь хууль бус зүйл хийж байсан учир Т.Аюурсайхан гишүүнд “Битгий давраа “ гэж хэлсэн нь үнэн. Тэгээд л болоо.

-Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд жагсаал цуглаан зарлаж байна. Тэдгээрийг шударга ёсыг тогтоох нь гэж дэмжиж буй иргэд бий. Мөн үүний цаана ямар нэгэн эрх ашиг нуугдаж байна гэж харах хүмүүс ч байна. Тэд шударга ёсыг тогтоож чадах уу?

-Би нэг зүйл дээр л гайхаад байгаа юм. Шударга бустай тэмцэх нь зөв. Нийгэмд шударга бусын хэм хэмжээ алдагдсан. Үүнийг УИХ-ын гишүүнийхээ хувьд зөвшөөрч байгаа. Би МАН-ын бүлэг дээр ч тэр “Шударга бусын шинэчлэлийг манай нам эхлүүлэх ёстой” гэж хэлж байсан. Ерөнхийлөгчийн шинэчлэл гэдэг үгийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ бүхнийг хууль номынх нь дагуу хий л дээ. . “Утаатай тэмцэхгүй байна” гээд л төв талбай дээр цагаан хоолойгоор хашгирч байна. Утаатай тэмцэхийг хэн боомилоод байгаа юм тэр хүнийг л ажлаас нь халаач. Идэж, уусан байдаг юм бол шүүх цагдаад нь өгөөч. МАНАН-тай тэмцэхэд саад болж байгаа гээд л байна. Саад болж байгаа албан тушаалтан байвал халаач дээ. Өнөө маргаашгүй үзэн ядаад буй М.Энхболд чинь суудлаасаа буучих нь. Түүний дараа харин амласан бүх зүйлээ хийгээсээ гэж би хүсч байна.

-УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн төсөл эцэслэн батлагдсан. Нэг хүнд төдийгүй улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хууль санаачлан батлах нь хэр зохистой юм бэ?

-. 40 гишүүн энэ асуудлаа яриад араас нь Ерөнхийлөгч нь хүч өгснөөр энэ хууль орж ирж байна. Үүнийхээ дагуу явах байх. Үүнийг нь дэмжээд явуулъя гэсэн бодолтой байгаа. Хамгийн гол нь үүний цаана хэр их үр дүн гарах эсэх дээр эргэлзэж байна. Яг үнэндээ энэ бол эрх мэдлийн төлөөх тулалдаан. Миний бие 27-ын төлөөлөл гээд л явж байгаа. Ер нь яагаад 27 болгож хагалсан юм бэ. Анх Ерөнхий сайдын төлөөх эрх мэдлийн тулаан болж, үүнээсээ үүдэн гишүүдээ хоёр хуваачихсан шүү дээ. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдыг нам өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд намын Бага хурлаасаа томилсон. Тэгвэл томилсон газар дээрээ буюу намын Бага хурал дээрээ очиж учраа олъё. Та нарын томилсон Ж.Эрдэнэбат ажлаа хийж чадахгүй байна, тийм учраа солих нь зөв гэдэг саналаа тэнд тавиад шийдүүлье гэсэн. Тэгэхэд “Үгүй ээ. Бид эрх мэдэл бүхий УИХ-ын гишүүд. Бид нараас том эрх мэдэлтэй хүмүүс байхгүй. Бид эндээ хагална” гэсэн шүү дээ. “Та нар энэ асуудал дээр кнопдох юм бол хэдэн тийшээгээ харна” шүү гэдгийг хэлж сануулж байсан. Эцэст нь хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь 60 тэрбумтан гэх нэрийг шууд зүүсэн. “Би 60 тэрбумын гэх нэрийг зүүмээргүй байна. Учир нь миний ард Булган аймгийн МАН-ын гишүүд байгаа. Тэр гишүүдээ 60 тэрбумтан болгомооргүй байна” гэж ч байсан.

-ЖДҮ-д нэр холбогдсон дөрвөн гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэн гишүүний эрхийг нь түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Улс төрийн энэ шуугианаар ЖДҮ-ийн асуудал дарагдах вий гэх болгоомжлол иргэдэд байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би ЖДҮ-ийн асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Бас гомдолтой байгаа. ЖДҮХС-ийн мөнгийг буруу хувиарласан Засгийн газарт ч гомдолтой байна. . Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх нэг гарц нь ЖДҮ юм байна. Хүн болгон орлоготой, ажлын байртай болгохын тулд аж ахуй нэгжүүдээ дэмжих хэрэгтэй гээд дээрх мөрийн хөтөлбөрийг авч орсон юм. Улмаар сүү, махны үйлдвэр нэн тэргүүнд байх ёстой гэдгийг намынхаа мөрийн хөтөлбөрт суулгахын тулд хүчин зүтгэл гаргасан. 21:100 гэсэн мөрийн хөтөлбөрийн заалтад оруулсандаа баяртай явдаг юм. Учир нь үүний дүнд Булган аймагт сүү, махны үйлдвэр бий болж үүнийг түшиглэсэн ЖДҮ явах нь гарцаагүй гэж найдсан. Үүнийгээ ч Булганыхандаа амласан. УИХ-д орж ирээд ч ЖДҮ-ийг хөгжүүлэх тухай ярьсан. Монголбанкнаас гаргадаг ЖДҮ-ийг хөгжүүлэх тайланд нь ч очиж сууж байлаа. Монголбанкны ерөнхийлөгчтэй хүртэл уулзаж миний яриад буй ЖДҮ-ийг хөгжүүлэх тухай асуудал зөв үү, эдийн засгийн гол түлхэц нь ЖДҮ мөн үү гэдгийг ч асууж байсан. . Дараагийн Засгийн газартай ч тээврийн салбараа орхичихоод л ЖДҮ яриад сууж байсан. Б.Батзориг сайд маань дэмжиж “Шинэ хөдөө-Шинэ амьдрал” боловсруулсан ч, Засгийн газраар батлуулж амжаагүй. Уг нь дэмжсэн юм шүү.

Миний хувьд ЖДҮ-ийн “Шинэ хөдөө” хөтөлбөрийнхөө хүрээнд арав гаруй аймгуудаар явж судалгаа хийсэн ЖДҮ-г өргөн хүрээгээр нь харж сум бүрт нэг тэрбум төгрөг тавиад үзээч, тооцоолооч гэдгийг хэлсэн. Миний хувьд ЖДҮ-ийн “Шинэ хөдөө” хөтөлбөрийнхөө хүрээнд арав гаруй аймгуудаар явж судалгаа хийсэн. Зургаан цуврал нэвтрүүлэг хийж цацсан. Аймгуудаас олон хүн над руу холбогдож, хийж буй ажлыг минь дэмжиж байгаагаа илэрхийлж, төслүүдээ ирүүлсэн. Булганчуудаа ч тэр төслөө бэлд гээд хэлчихсэн байсан. Харин энэ үйл явдал болсны дараа хүмүүс ихэд бухимдаж, уулзалтын үеэр төслөө урж хаяж байсан ч тохиолдол бий. Мөн мах, сүүний үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд хийгдэх ажлуудаа төлөвлөөд Засгийн газарт өгсөн. Энэ нь цаашлаад Хөдөө аж ахуйн яаман дээр очсон юм билээ. Гэтэл уг төсөлд шаардлагатай 12.8 тэрбум төгрөгийг Ж.Бат-Эрдэнэ авсан гээд л ярьж байгаа юм. Тиймдээ ч би гомдоод байгаа юм. Бас энэ асуудал дээр хатуу зогсож байгаа хэрэг.

-ЖДҮ-тэй холбоотойгоор 23 гишүүнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ асуудал ямар шатандаа яваа юм бол. Нэр дуудагдсан гишүүдээс дурьдаж болох уу?

-Намайг ч хүртэл дуудсан. Булган аймагт сүүний чиглэлийн нэг үйлдвэр баригдхаар ЖДҮ-ээс зээл авсан. Олон жил яригдсан нэг төсөл нь дэмжигдээд явсан. Мэдээж би “Дэмжиж өгөөч” гэсэн бичиг хийж өгсөн. Намайг үүнтэй холбож шалгаж байгаа юм билээ. Энэ компани надад хамаагүй. Манай талаас олон хүн дуудаж шалгалаа гээд гомдол нэхээд л байгаа юм билээ. . Бас л нутаг оронд нь хийгдэх ЖДҮ-ийг дэмжиж бичиг хийж өгсөн байх. Бид бичиг хийж өгөх үүрэгтэй хүмүүс. Бид тойргийнхоо хүмүүст тусалж дэмжихээр төлөөлөл нь болж байгаагийн хувьд дэмжлэг үзүүлэх ёстой. Хамгийн гол нь эхнэр хүүхэд, хамаатан садандаа дэмжлэг үзүүлчихсэн үү эсвэл өөрөө авсан уу гэдэг нь асуудал. Авсан мөнгөө угаасан уу, зээлийг нь бүтээлээ гээд дундаас нь мөнгө авчихсан уу гэдэг чинь л ноцтой хэрэг. Үүнийг шалгах ёстой. Нутаг орондоо хийгдэж байгаа үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг болохгүй зүйл биш. Ухаандаа юм.  Энэ мэт маш олон иргэд төсөл бичсэн байгаа. Тэд нарыг л дэмжмээр байна.

-ЗТХЯ дээр гарсан хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Талийгаачийн аав нь нас барсан гэх харамсалтай мэдээ ч дуулдлаа. Та энэ асуудалд хэр их анхаарал хандуулж байгаа вэ?

-Үүнтэй холбоотойгоор нэг тайлбар хиймээр байна л даа. “Ж.Бат-Эрдэнийн өрөөнөөс архидалт эхэлсэн” гэж яриад байгаа. Тэр харамсалтай явдал болдог өдөр яаман дээрх ажил ном журмын дагуу явсан. Тэр өдөр яаман дээр БНСУ-ын компанитай шинэ нисэх буудлыг сурталчлах гэрээ хийгдэн, ёслолын үйл ажиллагаа болж, зураг хөрөг авагдсан. Би 17:30 минутад уг ёслолын ажиллагааг дуусгаад гарсан. Уг үйл ажиллагаанд яамны Тээврийн газар, Төрийн захиргаа удирдлагын газрынхан хамт байлцсан. Тэр үед архидалт болоогүй. Харин дараа нь тодорхой үүрэг даалгавар авч ажлаа хийгээд үлдсэн хүмүүс архидсан байсан. Үүнээс үүдэн ийм харамсалтай явдал гарсан. Талийгаачийн эхнэр нь ирж уулзсан. Аав нь хэдхэн хоногийн өмнө л хавдартай гэдгээ мэдэж, огцом бие нь муудсан юм билээ. Мэдээж сэтгэл санааны байдал нь нөлөөлсөн нь ойлгомжтой. Маш их харамсаж байгаа. Цахим ертөнцөөр талийгаачтай холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаад маш их эмзэглэж байгаагаа эхнэр нь хэлж байсан. Энэ асуудлуудад анхаарал хандуулж өгөхийг хүссэн.

Энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх нь хуулийн байгууллагын асуудал. Үүнд мэдэж байгаа юм алга байна. Сайд байсан хүний хувьд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд оролцоод байх нь зөв биш байх. Хуулийн дагуу шалгаад явах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Таны хувьд УИХ тарахыг дэмжиж гарын үсэгээ зурсан.  УИХ тарах боломжтой юу?

-2016 оны сонгуулиар МАН-д үнэмлэхүй ялалт байгуулах боломжийг ард түмэн олгосон. Өнөөдрийн бид нарын байгаа царай үнэхээр ичмээр хэмжээнд л байна. Шуналдаа хөтлөгдөж эрх мэдлийн төлөөх байлдаан бий болгочихлоо. Төр, засагаа эмхлэх ёстой байтал хоёр тал болчихоод байж байна. Тиймээс хэдүүлээ тарчихъя. Ард түмэндээ тайлбарлаж хэлэх үгтэй юм бол эргээд оччихъё. Шударга ёсыг хэрхэн тогтоож байгаагаа тайлбарлаад өгчихье. Ингээд ард түмнээрээ дахиад шүүлгэе. Харин   Нам болон ард иргэд зөв хүнийг сонгох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ингэж байж УИХ-д ард түмний хүлээгээд байгаа зөв хүмүүс орж ирэх боломж нээгдэнэ. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдах учиртай.

- Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэгийн тоог нэмэгдүүлэхийг БНСУ-ын тал зөвшөөрчээ. Энэ нь ажил хэрэг болсноор ямар давуу тал бий болох вэ?

-Агаарын тээврийн харилцааг либералчлах нь маш чухал. БНСУ-аас Монгол Улсад сууж байгаа шинэ элчин сайд “Маш олон солонгосчууд Монгол руу аялах сонирхолтой байдаг. Гэсэн ч билет олдодгүй” гэж ярьсан байна лээ. Учир нь БНСУ, Монгол Улсын хооронд агаарын тээврийн үйлчилгээг Монголын талаас МИАТ, БНСУ-ын талаас “Кореан эйр” гэсэн хоёрхон компани үзүүлнэ гээд УИХ-аар батлаад өгчихсөн байсан юм. Дээрээс нь Сөүлийн чиглэлд долоо хоногтоо 12 удаа л нислэг хийх ёстой байв. Харин саяын өөрчлөлтөөр 20 болсон. Мөн гуравдагч компани оруулахаар бүх нөхцлийг нь бүрдүүлчихсэн. Ингэснээр өрсөлдөөн бий болж, хямдарна. БНСУ-ын Тээврийн сайд нь намайг очиж уулзахад “Хэрвээ та бүхэн гуравдагч компани оруулах нөхцлийг бий болгож өгөх юм бол үнэ буурна гэсэн баталгааг өгье” гэж хэлсэн. Энэ бүх зүйлийг сайд байх хугацаандаа багагүй эсэргүүцлийг давж  хийсэн. Тэрхүү монопольчлолыг бий болгосон хуулийг УИХ-аар оруулж, цуцласан.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.