АНУ үүсгэн байгуулагдсанаасаа хойш өдгөө 45 Ерөнхийлөгчийн нүүр үзжээ. Тус улсын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон байсан бол хамгийн сүүлийн Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдон ажиллаж байна.
Энэ хугацаанд АНУ-д анх удаа өнгөт арьст эрхэм төрийн эрх барьсан нь Барак Обама байсан юм. Өнгөрсөн удаагийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн төрийн нарийн бичгийн дарга, тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон ялсан бол анхны эмэгтэй Ерөнхийлөгч байх байлаа.
Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2020 онд болно. Сонгуулийн өмнөх сунгаанд өрсөлдөгчид хэдий нь нэрээ зарлаж эхэлсэн. Нэр дэвшигчдийн дунд дөрвөн ч эмэгтэй улс төрч багтжээ.
Хамгийн сүүлд Калифорн мужийн сенатч, Африк гаралтай эмэгтэй улс төрч Камала Харрис Ардчилсан намын сунгаанд нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдээд байна. Тэрээр өнгөрсөн хоёр жил Трампын төрийн эрх барих үед газар авсан шударга бус тогтолцооны эсрэг тэмцэхээ мэдэгджээ.
Даваа гарагт кампанит ажлаа эхлүүлж видео сурталчилгаагаа цацсан байна. Сурталчилгаанд “Шударга ёс, тэгш эрх, ёс журам, ардчилал... энэ бол ердийн үгс биш. Америкчуудын хувьд нандигнах ёстой үнэ цэнэ юм. Эх орны ирээдүй Америкийн үнэ цэнийн төлөө тэмцэж буй та бүхнээс шалтгаална. Би та бүхний дуу хоолойг түгээгч бас хамтатган нэгтгэх хүн байх болно” хэмээн Камала Харрис уриалжээ.
Тэрээр Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанд нэр дэвшиж буй анхны өнгөт арьст эмэгтэй улс төрч юм. Түүнээс өмнө сунгаанд өрсөлдөхөө зарласан Бүгд Найрамдах намын гишүүн Тулси Габбард, Ардчилсан намын гишүүд Элизабет Уоррен, Кирстен Гиллибрэнд нар бүгд цагаан арьстай эмэгтэйчүүд байна.
Одоогийн байдлаар дээрх дөрвөн эмэгтэйгээс гадна долоон эрэгтэй улс төрч сунгаанд өрсөлдөхөө мэдэгдсэн. Ажиглагчдын зүгээс Д.Трамп дахин сонгогдох нь эргэлзээтэй гэж таамаглаж байна.
Эх сурвалж: www.cnn.com