Монголчууд бид адууны мах иддэг ч европчууд төдийлөн таашаадаггүй. Цэвэр үхрийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Spanghero” компани үйлдвэрлэлдээ адууны мах ашигладаг байсан нь баригдаж, шүүх хурал нь Францын Парис хотод эхэлжээ.
Францы мах-махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн хоёр, Данийн хоёр махны худалдаачны шүүх хурал явагдаж байгаа юм. Тэд 2013 онд хямд үнээр худалдаж авсан адууны махыг үхрийн махан бүтээгдэхүүн гэсэн шошготойгоор худалдаалдаг байсан нь илэрсэн.
Махны компанийн хоёр хүний нэг нь адууны мах худалдаж авч байгаагаа мэдээгүй гэсэн тайлбар өгсөн бол нөгөө нь юуны мах худалдаж авч байгаагаа мэдэж байсан гэжээ. Spanghero-ын үхрийн махан бүтээгдэхүүнээс адууны мах илэрсний дараа худалдааны цэгүүдэд тараагаад байсан сая сая мах, махан бүтээгдэхүүнээ эргүүлэн татсан юм.
Францаас гадна Европын улс орнуудад экспортолж байсан үхрийн махан хөлдөөсөн бургер, зайдсаас адууны мах гарсан байна. 2012-2013 оны хооронд 500 тн адууны махыг үхрийн мах нэрийдлээр худалдаалсан гэжээ. Хоёр сар гартал үргэлжлэх шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдвол хэрэгт холбоотой дөрвөн эрхэм 10 жил хүртэл хорих ял сонсож, сая еврогийн торгууль төлнө.
Эх сурвалж: www.bbc.com