Египетийн LTC телевизийн сувгийн хөтлөгч Мохамед аль Гаети өнгөрсөн жилийн наймдугаар сард ижил хүйстнээ сонирхогч эрэгтэйтэй ярилцлага хийсэн нь ихээхэн шүүмжлэл зэмлэл дагуулаад байсан юм.
Тэгвэл ижил хүйстнүүдийг бусдаас ялгаварлан гадуурхалгүй ярилцлага хийсэн хөтлөгчийг нэг жил хорих ялаар шийтгэж 167 ам.доллараар торгосон байна. Мохамед аль Гаети нь ижил хүйстнүүдийг дэмжсэн гэм буруутгай гэж үзэн ялын тогтоолыг гүйцэтгэсний дараа дахин нэг жил хатуу хяналтад байлгана гэжээ.
Хөтлөгч эрэгтэй ярилцлага хийсэн зочныхоо нүүр, нэрийг нууцлан хэрхэн биеэ үнэлж амьдардаг талаар олон нийтэд яриулсан байна. Өмгөөлөгчийнх нь тайлбарласнаар хөтлөгч эрэгтэй уг ярилцлагаараа зочныхоо биеэ үнэлэн амьдрах, ижил хүйстнээ сонирхох болсондоо харамсаж байгааг илэрхийлэхийг хүсчээ.
Египет улсад ижил хүйстнээ сонирхогчдын эрхийг ил тодоор гэмт хэрэгт тооцон ялладаггүй ч хүлээн зөвшөөрч хөхүүлэн дэмжээд байдаггүй. Ихэвчлэн ийм төрлийн хэргийг садар самуун сурталчилсан, ёс суртахууны алдаа гаргасан, шашны үзэл баримтлал зөрчсөн гэж буруутган ялладаг байна.
2017 онд нийслэл Кайр хотод болсон концертод ижил хүйстнээ сонирхогчдын бэлгэдэл болсон солонгын өнгөтэй далбаа өргөснөөс хойш Египетийн хэвлэлийн зөвлөл ижил хүйстнүүдийн талаар нэвтрүүлэхийг хоригложээ.
Эх сурвалж: www.bbc.com