АНУ-ын зүүн эргийн мужуудыг Флоренс далайн хар салхи дайран өнгөрөх гэж байгаа тухай цаг уур судлалын газраас мэдээлээд байна. Виржиниа, Умард болон Өмнөд Кэролин мужуудын захирагчид далайн эргийн оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлж урьдчилан сэргийлэх шаардлагатай болжээ. Эх сурвалжуудын мэдэгдсэнээр эрэг орчмын нэг сая иргэнийг эхний ээлжинд албадан нүүлгэн шилжүүлэхээр болоод байгаа юм. Нүүлгэн шилжүүлэх ажил орон нутгийн цагаар мягмар гаригийн үд дундад эхлэх юм байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Флоренс Америкийн зүүн эргийн нутаг дэвсгэрийн дайран өнгөрнө гэж тооцоолжээ. Далай дунд оршдог улс орнуудыг хар салхи дайран өнгөрөх аюултай байдаг учир урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлаа хангах нь зайлшгүй үйлдэл юм.
Даваа гаригт Флоренс далайн шуурганы хүч хоёр дахин нэмэгдэж дөрөвдүгээр түвшний аюултай болоод байна. Салхины хурд мөн хоёр дахин нэмэгдсэнийг Үндэсний хар салхины төвөөс мэдээлжээ. Тус хар салхи урьд өмнө АНУ-ын зүүн эргийг дайрч байгаагүй хүчтэй далайн шуурга байж магадгүй тул урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 26 хотод сургууль, эрүүл мэндийн үйлчилгээний газруудыг түр хаахаар болсон байна.1989 онд Умард Кэролиныг Хюго далайн шуурга дайран өнгөрч 50 хүн амиа алдаж, долоон тэрбум долларын гарз учруулж байжээ. Атлантын далайд хар салхины улирал эхэлсэн учраас Флоренсоос гадна өөр хоёр том шуурга шуурч байгаа тухай Үндэсний хар салхины төвөөс мэдээлж байна.