Хар тэнгис дэх Керчийн хоолойн орчимд Танзани улсын далбаатай ачаа тээврийн хоёр усан онгоц шатаж 11 хүн амиа алдсан тухай мэдээллээ. Ачааны хөлөг онгоц дэлбэрч галд автсаны дараа далайчид амиа аврахын тулд далайн ус руу үсэрцгээсэн байна.
Крымын орчимд Оросын аврагчид далайчдад тусалж аврах ажиллагаа явуулж 14 хүнийг аварчээ. Ачааны хөлөг онгоцуудын нэг нь хий тээвэрлэж байжээ. Хөлөг онгоцууд нэгэн рүүгээ шатахуун дамжуулж байгаад дэлбэрч түймэр ассан байна.
Кэнди буюу Вениц усан онгоцон дээр Энэтхэг, Турк улсуудаас ирсэн 17, Маестро усан онгоцон дээр 14 далайчин байжээ. Эдгээр усан онгоцууд Сирид тавьсан Америкийн эдийн засгийн хоригийг зөрчсөн байж магадгүй гэлээ. Ослын дараа хөлгийн ахмадуудын хэн нь ч аврах дохио илгээгүй гэж Оросын аврах албанаас мэдэгджээ.
Крым болон Керч хотын албаныхан хохирогчдыг хүлээж авахаар бэлтгэлээ базааж байна. Керчийн хоолой нь Орос, Украйны зөрчилддөг стратегийн ач холбогдолтой бүс юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Оросын хилийн харуулууд Украйны гурван усан онгоцыг барьж саатуулснаар зөрчил хурцадсан.
Украйны хөлөг онгоцууд дээр байсан 24 далайчныг Оросын Засгийн газар гурван сарын турш саатуулахаа мэдэгдээд байгаа. Тэднийг Оросын хилийг хууль бусаар зөрчсөн гэж үзжээ.
Эх сурвалж: www.bbc.com