Энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, яаралтай горимоор нэмэлт төлбөртэй захиалдаг үйлчилгээг зогсоожээ.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасны дагуу уг зохицуулалтыг хийсэн байна. Урд нь гадаад паспортоо яаралтай авах бол 10 мянган төгрөг нэмж төлөөд ажлын гурав хоногт, энгийн бол ажлын 10 хоногт багтаан авдаг байсан бол одоо зөвхөн ажлын тав хоногт 32500 төгрөг тушааж авах болжээ.