Олон хүн өөрийн сонирхдог ямар нэгэн зүйлийг цуглуулдаг. Харин хобби цуглуулгаар эзнийг нь ямар хүн болох, бас ямар зан чанартай вэ гэдгийг мэдэж болдог байна. Цуглуулгын эд зүйлс нь тухайн хүний хүсэл, мөрөөдлийг илэрхийлдэг. Та хоббигоороо өөрийнхөө тухай санамсаргүй зүйлийг мэдэж авахаас гадна мөн өөртэй чинь нөхөрлөхийг хүсдэг хүнээ сайн таньж болно.
Боловсон, романтик хүмүүс марк цуглуулах дуртай байдаг. Хэрвээ янз бүрийн улс орны болон хотуудын марк цуглуулдаг бол магадгүй тэр хүн холын аялалд гарахыг мөрөөддөг боловч аялах боломжгүй эсвэл гэрээс гарах дургүй хүн гэнэ.
Харин алдарт хүмүүсийн хөрөг бүхий марк цуглуулдаг хүн амьдралаа төвхнүүлж чаддаггүй байна. Дэлхий даяар аялж эсвэл амьдралдаа нэлээд амжилт гаргасан хүмүүс марк цуглуулдаггүй.
Амьдралд нь ямар нэгэн зүйл дутагдаж байгаа хүн ном цуглуулах дуртай байдаг. Ховор ном цуглуулдаг хүмүүст шийдвэр гаргахдаа эргэлзээтэй ханддаг аж.
Харин цэргийн сэдэвтэй ном цуглуулагчид бодит амьдрал дээр хулчгар байдаг бол алдартай хүмүүсийн дурсамжийг цуглуулагчид алдартан болохыг мөрөөддөг.
Зураг эсвэл уран зураг цуглуулагчид урлагийг тийм ч их сонирхдоггүй боловч гоо сайхныг шүтэн бишрэгч гэгдэхийг хүсдэг. Харин модернист эсвэл авангард зураг цуглуулдаг хүмүүс гаж буруу мэт харагдахыг хичээдэг боловч үнэн хэрэгтээ тийм хүмүүс биш байдаг аж.
Шилдэг бүтээлүүдийн эх хувилбарыг цуглуулагчид нь ихэвчлэн нийгэмд байр сууриа бататган дээшлүүлэхийг хүсдэг хүмүүс юм. Тэд уран зургийг ойлгодоггүй мэдэрдэггүй байх нь олонтаа боловч гэртээ үнэтэй зураг өлгөж сэтгэлээ баясгадаг байна.
Мөнгөний бэрхшээлтэй хүмүүс зоос цуглуулдаг гэнэ. Тэд “аз жаргал мөнгөн дээр тогтдоггүй” гэцгээдэг хэрнээ мөнгө өөрт нь хэрэгтэй гэдгийг сэтгэлийнхээ гүнд ойлгодог бөгөөд зоос цуглуулах нь өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг аж.
Зэвсэг бол хамгаалалтын бэлгэ тэмдэг гэгддэг. Өөрийгөө бусдад жинхэнэ эр, шийдэмгий хүн гэдгээ нотлон харуулахыг хүсдэг эрчүүд зэвсэг цуглуулдаг. Гэвч үнэн хэрэгтээ иймэрхүү хүмүүс өөртөө итгэлгүй байх нь цөөнгүй.
Хэрвээ эмэгтэй хүн зэвсэг цуглуулдаг /гэхдээ энэ нь маш ховорхон тохиолдол/ бол тэр эмэгтэй бусдаас онцгой өвөрмөц харагдахыг хичээдэг, бас бүсгүй хүний сул талаа нуухыг хичээдэг хүн болж таарна.
Гоёл чимэглэлийн сав суулгыг ихэвчлэн эмэгтэйчүүд цуглуулдаг. Гоёмсог цайны аяга, ваар нь та амьдралаа гоё сайхан харагдуулахыг хүсдэг болохыг гэрчилнэ. Энэ нь амьдрал дээр та баяр баясгалангаар дутагдаж байдгийг харуулж байна гэсэн үг.
Сэнжтэй аяга эсвэл өөр үүнтэй адил зүйлс цуглуулдаг эрэгтэй нь гоо сайхныг шүтэгч хүн байдаг гэнэ. Түүний зан араншинд эмэгтэйлэг чанар байдаг бол сэтгэлээр романтик хүн ажээ.
Хүмүүс ихэвчлэн янз бүрийн амьтны дүрстэй баримал цуглуулдаг. Нохойны баримал цуглуулагчид ганцаардмал хүмүүс байдаг. Хэн нэгэнд тийм ч амар итгэдэггүй, өөрсдийгөө сул дорой, өмгөөлөл хамгаалалтгүй гэж боддог байна. Харин хэнээс ч хамааралгүй байхыг хүсэгчид муурын баримал цуглуулдаг. Гэхдээ тэд үнэн хэрэг дээрээ бусдын халуун сэтгэлээр дутагдаж байдаг гэнэ.
Шувуу, загас, шавьж хорхой цуглуулдаг хүмүүсийн амьдралд “хөнгөн чөлөөтэй байдал” дутагдаж байдаг аж. Ийм зүйлүүдийг ихэвчлэн бизнес эрхлэгчид болон ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа хүмүүс цуглуулдаг байна. “Хөнгөн эд зүйлсийн” цуглуулга нь тэдэнд бага хугацаанд ч болов өөрийнхөөрөө байх боломж олгодог байна.
Хувийн амьдралаа төвхнүүлж чадаагүй хүмүүс морины баримал цуглуулдаг. Тэд бүх зүйлийг хаян, хаа нэгтээ “давхин одохыг” хүсдэг ч цагаа тулахаар ингэж чаддаггүй. Үхэр эсвэл гахайны баримал нь элбэг дэлбэг байхын бэлгэ тэмдэг юм. Тэдгээрийг цуглуулагчид өөртөө маш итгэлгүй хүмүүс байдаг.
Харин баавгай, чоно, арслан, бар, луу, матар, могой гэх мэт зэрлэг амьтдыг “хэрцгий догшин араншин дутагддаг” хүмүүс цуглуулдаг ажээ. Тэд хэн нэгэнд догшин авир гаргаж чаддаггүй учраас иймэрхүү баримал цуглуулан “виртуаль маягийн түрэмгий авираар” сэтгэлээ зогоодог гэнэ.
Хүмүүсийн дүрс бүхий баримлыг хэн цуглуулдаг хүмүүст бусдын амьдралаар амьдарч байгаа мэт өөрт нь санагддаг байна.
Жишээ нь, алдартай хүмүүсийн цээж баримал эсвэл бяцхан хүн хөшөө цуглуулдаг бол тэр хүн одоогийнхоосоо илүү их алдар хүндийг олж чадна гэж дотроо боддог байна.
Харин янз бүрийн үндэстэн ястны хүмүүсийг дүрсэлсэн баримлууд цуглуулдаг бол тухайн хүний дотор “хэд хэдэн бие хүн” оршиж байдаг, харин тэднийгээ ил гаргаж чаддаггүй гэнэ.
Зарим хүмүүс эмнэлгийн багажууд, лааз зэрэг маш этгээд хачин зүйлүүдийг цуглуулдаг. Бодит амьдрал дээр тэд үнэхээр өвөрмөц сонин үзэлтэй хүмүүс байдаг бөгөөд үүнийгээ ч бусдад ил харуулахыг хичээдэг.
Эцэст нь танд л гэж хэлэхэд өөртөө болоод өөрийн шинэ танилынхаа хобби, цуглуулдгийг нь мэдээд, дүгнэлт хийхэд илүүдэхгүй юм.