Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан энэ сарын 17-нд хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон НИТХ-ын дарга С.Амарсайхан, заалнаас нэр дэвшсэн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нарын дунд санал хураалт явагдаж Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын даргаар сонгохоор болсон. Нийслэлийн 45 төлөөлөгчөөс 43 нь санал хураалтад оролцож, эхний удаад 21, 21 саналаар тэнцсэн.
Хоёр дахь удаагийн санал хураалтаар С.Мөнхчулуун 24, М.Амарсайхан 19 саналыг тус тус авснаар олонхын санал авсан С.Мөнхчулууныг Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын даргаар томилуулах тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барих байсан.
Гэвч өнөөдрийн хүртэл Ерөнхий сайдад тогтоолын төслийг өргөн бариагүй, харин С.Мөнхчулууныг Хотын дарга байх ёс суртахууны эрхгүй гэж харуулсан хар мэдээлэл цахим сүлжээгээр түгээд байгаа юм. ЗТХ-ийн дэд сайд асан Г.Цогтгэрэлийн хадам ээж У.Булган С.Мөнхчулууныг хотын дарга байх ёс суртахууны эрхгүй гээд, түүний ээж нь олон жилийн турш төрийн өмчийн байрны талбайн маргаан хийж байгаа гэсэн зүйлийг АТГ болон Ерөнхий сайдад уламжилсан байсан.
Энэхүү мэдээллүүдийг зохион байгуулалттай тараасны дүнд өнөөдөр авсан мэдээллээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Хотын даргад батламжлахаас татгалзсан гэсэн мэдээлэл байна. Хэрэв энэ нь батлагдвал НИТХ 15 хоногийн дотор дахин хуралдаж, дахин санал хураалт явуулна.
Харин НИТХ-ын МАН-ын хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад "Ташаа мэдээлэл байх. Тогтоолын төсөл өнөөдөр Ерөнхий сайд руу явсан" гэсэн хариу өглөө.