Сар шинийн баярыг угтан МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалт, сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ. Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтаар 158 аж ахуй нэгж, 950 иргэн, нийт 1108 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагджээ.
Шалгалтын явцад 518 зөрчил илрүүлснээс 291 буюу 56.2%-ийг арилгуулсан. Улсын байцаагчийн 48 заалт бүхий 8 хугацаатай албан шаардлага өгсөн. 71 аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна. 69 аж ахуй нэгж, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.
19 аж ахуй нэгжийн мах махан бүтээгдэхүүн, архи согтуурах ундаа, жүүс, гурилан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо зэрэг нийт 44 нэр төрлийн бүтээгдэхүүнээс стандартын дагуу 124 дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.
Ялалтын талбай дээр зохион байгуулагдаж буй Архангай аймгийн зургаан сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа 53 иргэний сүү цагаан идээнээс 53 дээж авч 3 үзүүлэлтээр НМХГ-ын нэгдсэн төв лабораторийн явуулын шинжилгээнд хамруулахад стандарт шаардлага хангаж байна гэлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагайгаас дараах тодруулгыг авлаа.
-МХЕГ-аас гахайн мялзан өвчинтэй холбоотой хяналт, шалгалтыг тавьж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар СХД, БЗД-ийн хэмжээнд 314 гахайнд өвчний шинж тэмдэг илэрч, устгалд оруулсан байгаа. Хоол үйлдвэрлэл болон худалдааны байгууллагуудаас 3.3 тонн гахайн махыг буцаан татаж устгасан.
Хүнсний дэлгүүрт худалдаалж буй гахайн махан хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүний хувьд өвчний шинж тэмдэг илрээгүй, нарийн шинжилгээний хариу ирээгүй байна. Нийслэлийн мал эмнэлгээс гахайн махыг хэрэглэхгүй байх зөвлөмжийг өгч байгаа.
Мөн НМХГ-ын нэрийг барьж, аж ахуй нэгж байгууллагуудаар нэр нь үл мэдэгдэх хүн өөрийн дансыг өгч, хяналт шалгалтыг зохицуулж өгье хэмээн бэлэн мөнгө авах оролдлого хийсэн байна. Тиймээс тус байгууллагууд ажлын үнэмлэхээ үзүүлээгүй, хувцас тэмдэггүй хүмүүс шаардлага тавибал манай байгууллагын 70128012 утсанд мэдээлээрэй” гэв.
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж, ард иргэддээ хаана, хэзээ, ямар орчинд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бууз, банш, бөөрөнхий мах, хэвийн боов, гурилан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Худалдан авалт хийхдээ эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн сонгон авах, гудамж талбайд ил задгай гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдах авахгүй байхыг сэрэмжлүүллээ.