Нийтэлсэн:
Д.Төв
6 жилийн өмнө
Өнгөрсөн амралтын өдөр ОХУ-д орон нутгийн сонгуулийн санал хураалттай зэрэгцэн 30 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан болов. Тэд Засгийн газар нь тэтгэврийн насыг нэмснийг эсэргүүцэн ийнхүү үй олноороо жагсаж үзэл бодол, байр сууриа илэрхийллээ. Гэсэн ч жагсаал цуглаан тайван замаар үргэлжилсэнгүй цагдаа нар 1,000 гаруй жагсагчийг баривчлан саатуулсан байна. Орон нутгийн сонгуулийн санал хураалт ч мөн ирц муутай, санал хураах байрууд хаалгаа барихаас хоёр цагийн өмнө иргэдийн 28 хувь нь санал өгсөн байжээ.
Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныг дэмжигчид жагсаалыг санаачлан зохион байгуулжээ. Навальныг Засгийн газар хавчин шахах оролдлого хийдэг ч олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлсээр олон мянган дэмжигчидтэй болоод байгаа юм. Ням гаригт болсон жагсаал, баривчилгааг хувийн цахим сүлжээгээр нь шууд дамжуулсан байна. Жагсаалын үеэр хамгийн их мөргөлдөөн гарсан хот бол хойд нутгийн хоёр дахь том хот Санкт-Петербург. Хүний эрхийн ажиглагч байгууллагууд баривчилгааг хянаж мэдээлэл цуглуулжээ. Тус хотод цагдаа нар 450 жагсагчийг баривчилсан тухай хүний эрхийн байгууллагууд мэдэгдлээ. Харин нийслэл Москва хотод цагдаа нар жагсагчдыг бороохойдон тараахыг оролдсон байна. Оросын Засгийн газар эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 65, эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 60 хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Амралтын өдөр болсон жагсаал зөвхөн тэтгэврийн насыг нэмснийг эсэргүүцсэн бус Кремлийн эрх баригчдыг эсэргүүцсэн үйлдэл гэж эх сурвалжид дурджээ.
Эх сурвалж: www.cnn.com