Болор цом наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Б.Баттулгад Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн зөвлөл санаачилга гарган, орон сууцтай болгох аяныг өрнүүлсэн билээ. Саяхан зургаа дахь үрээ тэвэрсэн Болор цомын эзэн маань насаараа дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш хийсэн, хотод суурьшаад удаагүй учир орон сууцтай болж амжаагүй байсан юм.
"Болор цом-36" тэргүүн найрагчийг орон сууцтай болгох аян өрнөхтэй зэрэгцээд морь, бөхөд гар татдаггүй баячууд утга зохиолд гар татлаа гэсэн шүүмжлэл цахим сүлжээгээр өрнөж байсан.
Энэхүү буянтай үйлсийг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Г.Батсүх удирдан явуулсан бөгөөд одоогоор 40 сая төгрөг цугласан, Завхан аймгаас УИХ-д сонгогдсон Я.Санжмятав, З.Нарантуяа гишүүн нар тус бүр 10 сая төгрөг хандивлахаа мэдэгджээ.
Өнөөдрийн манай "Цайны цагийн зочин" нэвтрүүлэгт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Г.Батсүх оролцож, хэдэн төгрөг цугласан, хандиваар цугласан мөнгийг хэзээ гардуулах зэрэг баярт мэдээг монгол түмэнтэйгээ хуваалцах болсныг дуулгахад таатай байна.