Япон улсын иргэн Масазо Нонака өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 113 нас хүрч Геннисийн амжилтын номонд дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр бүртгэгдсэн юм. Японы олон нийтийн мэдээллийн суваг NHK-ын дамжуулснаар дэлхийн хамгийн урт насалсан эрэгтэй өчигдөр буюу ням гарагт таалал төгсжээ.
Нонака нь 1905 оны долдугаар сарын 25-ны өдөр буюу Монгол улсад Богд Живзундамба хутагтын наймдугаар дүр шашин төрийг хослуулан барьж байх үед Япон улсад мэндэлсэн байна. Тэрээр амьсгал хураахынхаа өмнөх өдөр хэвийн байсан ч ням гарагийн өглөө амьсгалахгүй байсан гэж гэр бүлийнхэн нь мэдэгджээ.
Дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Геннисийн номонд Нонакаг 112 жил 259 хоног амьдарснаар орчин цагт байгаа хамгийн өндөр настай эрэгтэй гэж үзэн батламж олгосон юм.
110 гаруй жил амьдрахдаа тэтгэвэрт гарснаасаа хойш сонин уншиж, амттан бялуу идэж, зурагтаар сумо бөх үзэх дуртай байсан гэж Геннисийн номонд өгүүлжээ. Түүний урт удаан насалсны нууц нь халуун рашаанд орох дуртай байсных гэж өөрөө хэлж байсан ч охин нь аавыгаа огт стресс бухимдалгүй байж чадсанаар удаан амьдарсан гэж ярьсан байна.
Нонакагаас өмнө дэлхийн хамгийн урт насалсан эрэгтэйгээр Геннисийн номонд бүртгэгдэж байсан Жироемон Кимура мөн Япон улсын иргэн байжээ. Кимура таалал төгсөх хүртлээ 116 жил 54 хоног насалсан юм.
Эх сурвалж: www.cnn.com