Монголын Үндэсний музейн танхимд “Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэн нээлтээ өнөөдөр хийж эртний ховор нандин олдворуудыг олонд танилцуулан дэлгэлээ. Баасан гариг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд монгол, түрэг, уйгар, хятан, нанхиад, перс, араб, согд, баракми зэрэг олон хэлээр хаданд бичсэн, тусгай гэрэлт хөшөөнд сийлсэн эртний бичгийн арвин дурсгал тавигдсан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татсан юм.
Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 1994 оноос хойш янз бүрийн хэлээр бичсэн бичээсүүдийг нэмж илрүүлэх, утга агуулгыг нь нээн тайлах ажлыг хийж байгаа. Уг төслийн багийнхан зөвхөн Хархорин, Эрдэнэзуу, тэдгээрийн орчин тойрноос монгол, перс, араб, нанхиад зэрэг хэлээр бичсэн 20 гаруй хөшөө, хөшөөний хэсэг, барилгын нуруу бичгийг илрүүлэн судалсан байна. Тэдгээр бичээст XIII-XIV зууны Монголын засаг захиргааны байгуулалт, соёл эдийн засгийн хаилцаа, өрнө дорнын харилцаанд Хархорумын байр суурь ямар байсан хийгээд Хархорумд лалын сүм, шашны сургууль байгуулагдсан боловч тухайн үеийн Монголд газар түрээслэх, эзэмших харилцаа хэрхэн хөгжиж байсан тухай өгүүлсэн нь ганц Монголын төдийгүй XIII-XIV зууны Ази, Европ, Арабын орнуудын түүхийг цаашид гүнзгийрүүлэн судлахад ч шинэ эх хэрэглэгдэхүүн болж чадах үнэ цэнэтэй сурвалж хэмээн эрдэмтэд үнэлж байлаа.
Чингис хаан Хархорум хотыг байгуулах тухай 1220 онд гаргасан зарлигийг тэмдэглэсэн хөшөөний хугархайнууд олдсон нь содон зүйл байв. Тэр алдарт хөшөөг анх Хархорум байгаа том чулуун мэлхийн нуруун дээр босгосон байжээ. Энэ хөшөөний олдсон хэсгүүдийг Монгол улсын засгийн газрын тогтоолоор түүхийн хосгүй үнэт дурсгалд бүртгэн тусгай хамгаалалтад авчээ. “Бичээс” төслийн баг Монголын ихэнх аймгийн нутгаар явж янз бүрийн хэлээр бичигдсэн 30 орчим хөшөө, хөшөөний хэсгүүд, хадны бичээсүүдийг бас илрүүлж судалгааны зургаан ном хэвлүүлээд буй. Урьд нь хаанаас ч олдоогүй агсан хятаний их бичигт, тусдаа биеэ даасан гэрэлт хөшөө ийн Монгол нутагт Дорноговь, Эрдэнэ сум Бүлээний овоогоос ийн анх олджээ. Мөн тус судалгааны багийнхан дэлхийн хамгийн эртний байж болох хаданд сийлсэн бичээсийг Дундговь аймгийн Хүрэн хайрхан уулнаас олж тогтоон судалж буй. Энэ хаданд сийлсэн нанхиад бичээсийг манай тооллын 89 онд буюу 1929 жилийн өмнө бичсэнээрээ одоогийн хамгийн эртний хадны бичиг тооцогддог.
Бас нэгэн сонирхолтой олдвор нь хусны үйсийг тусгайлан боловсруулж, дээр нь бичсэн монгол номнууд. Судлаач А.Очир, М.Эрдэнэболд, К. Мацуда, Т. Мураока, Т.Мацукава нар 2010, 2011 онд Булган аймгийн Дашинчилэн сумын Харбух балгаснаас 100 гаруй хуудас үйсэн ном олж, Япон улсад сэргээн засварлуулж, уншин тайлж тайлбар удиртгалын хамт хэвлүүлэхээр зэхэж буй гэнэ. Үйсэн ном бүтээх арга нь монголчуудын үндэсний технологи. Тэр дундаа ном хэвлэлийн бие даасан өвөрмөц арга болохыг тогтоож, Харбух балгасанд XVI зууны эхэн үед үйсэн ном хэвлэн тарааж байсныг илрүүлжээ. Үүнээс нэн сонирхолтой нэгэн сонирхолтой ном байгаа нь XVIII зуун үед зохиогдсон үйсэн дээр бичсэн хурдан морины шинжээ судар юм. 100 гаруй жилийн өмнө олдсон уг судар нь монголчуудын морины шинжийн хамгийн эртний судар боллоо.
Монголын баруун аймгуудад нэг бус удаа хайгуул хийж, Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт сорилын малтлага хийсний үр дүнд Чингай балгасны туурийг олсон байна. Чингис хааны зарлигаар 1212 онд анх үүсгэн байгуулсан энэ балгасыг эрдэмтэн судлаачид 100 гаруй жилийн өмнөөс хайж эхэлсэн гэдэг. 2015-2017 онд төслийн багийнхан Шарга сумын Халзан ширээт хэмээх газар археологийн сорилын малтлага хийж, японд он цагийн шинжилгээ хийлгэж, сурвалж бичгийн харьцуулсан судалгаа хийсний үр дүнд Халзан ширэг нь Чингай балгас мөн болохыг тогтоон батлаад буй. Чингай балгас нь Монголын эзэнт гүрний Дундад Ази, Ойрхи дорнодод нэвтрэх цэрэг, улс төрийн түшиц газар байжээ.
Монгол-Японы “Бичээс” төслийнхөн Монгол улсын нутагт буй янз бүрийн хэлээр хаданд бичсэн хөшөөнд сийлсэн бичээсүүдийн хуулга дардас, гэрэл зургийн хаана ч байхгүй баялаг цуглуулгыг ийн бүрдүүлсэн нь тун сайшаалтай юм. Тэдний илрүүлсэн дурсгал, олдворууд Монголын үндэсний музей, Хархорум музей, Монголын түүхийн төв архив, Дүрслэх урлагийн музейд одоо ч хадгалагдаж буй.