Нийтэлсэн:
Г.Ганчимэг
6 жилийн өмнө
“Хүний эрхийн ажиглагч” ТББ-ын хийсэн шинэ судалгаагаар манай урд хөрш Хятадын Засгийн газар үндэсний цөөнх Исламын шашинтай иргэдийн эрхэнд халдсаар байна гэж үзжээ. Ингэхдээ олон нийтийг хамарсан, зохион байгуулалттай үйл ажиллагаагаар дамжин хүний эрх зөрчиж байгаа тухай мэдээлсэн байна. Өнгөрсөн 8 дугаар сард НҮБ Хятадад Шинжааны Уйгурууд болон Исламын шашинтай бусад жижиг овог аймгийнхныг олноор нь баривчлан саатуулсан тухай танилцуулсан юм. Энэ үйлдлээ терроризм болон хэт даврагсдаас сэргийлж буй явдал хэмээн эрх баригчид тайлбарлах нь олонтаа.
“Хүний эрхийн ажиглагч” байгууллага Шинжаанд амьдарч байсан 58 хүнтэй ярилцаж дээрх дүгнэлтийг гаргасан байна. Эдгээр хүмүүсийн дунд хоригдож байсан таван хүн байгаа ба ихэнхийнх нь төрөл садан саатуулагдаж байжээ. Тэдний ярьснаар 2014 оноос хойш Шинжаанд Исламын шашинтай иргэдийг баривчлах явдал эрс нэмэгдэж, “Улс төрийн боловсролын бааз”-уудад хорьж саатуулдаг болжээ. Баривчлагдсан хүмүүсийн хэргийг шүүх хурлаар хэлэлцэх болон хуульчид, гэр бүлийнхэндээ хандах боломж, эрхийг нь хязгаарласан байна. Тэднийг Хятадтай тийм ч таатай бус харилцаатай 26 оронтой холбоо тогтоохыг оролдсон, WhatsApp зэрэг гадны олон нийтийн сүлжээ ашигласан, шашин шүтлэгийнхээ талаар үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчилгаа явуулсан тухай хүний эрхийн байгууллага мэдэгдсэн. Хятадын эрх баригчид Шинжааны Исламын шашинтнуудыг салан тусгаарлах оролдлого гаргаж болзошгүй хэмээн сэрэмжилсээр ирсэн. Си Зиньпиний Засгийн газар Уйгуруудыг ил тодоор хавчин дарамтлахаас гадна технологийн дэвшлийг ашиглан хяналт тавих болжээ. Үүнд “Улс төрийн боловсролын бааз”-ууд болон гэртээ байх санаачилгуудыг хэрэгжүүлж хяналтын камер, GPS суурилуулах, 12-65 насны иргэдийн ДНК-г цуглуулах зэрэг хөдөлгөөн багтаж байна.
Эх сурвалж: www.cnn.com