Умард Солонгос улс үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой Өчигдөр буюу 9 сарын есний өдөр тохиож, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, баярын жагсаал болж өнгөрлөө. Энэ жил Умард Солонгос улс АНУ-тай харилцаа холбоогоо сайжруулж хэд хэдэн чухал алхмуудыг хийсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Тиймээс угсаа залгамжлан улсаа удирдаж байгаа Ким Жон Ун 70 жилийн ойн баяраа хэрхэн тэмдэглэх нь анхаарал татаж байлаа. Юун түрүүнд олон улсын шинжээчид ойд зориулсан цэргийн жагсаалыг хүлээж байснаас цомхон болж өнгөрлөө хэмээн дүгнэжээ. Солонгосын хойгийн асуудал хурцадмал үед АНУ болон түүний холбоотнуудын эсрэг тэмцэх чадвартай гэдгээ харуулахын тулд Умардын цэргийн жагсаал холын зайн баллистик пуужингуудаар сүр нэмэн үргэлжилдэг байсан. Харин энэ жил уур амьсгал сайжирсны илэрхийлэл болж цэргийн жагсаалд холын зайн тусгалтай баллистик пуужингуудыг жагсаасангүй гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Мөн өнгөрсөн таван жилийн хугацаанд зохион байгуулаагүй олон нийтийн бүжиг, гимнастикийн арга хэмжээ болжээ. Ням гаригийн үдэш болсон баярын арга хэмжээнд 100,000 бүжигчин оролцсон байна.
Олон улсын шинжээчид ойн арга хэмжээг зэвсэгжсэн бус, найрсаг болсон нь Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дайсагнасан өнгө аяс харуулахыг хүсээгүйн илрэл гэж үзжээ. Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг цэргийн жагсаалдаа холын зайн тусгалтай пуужин сонголгүй, энх тайван эдийн засгийн хөгжлийг харуулсанд талархлаа илэрхийлэн жиргэсэн байна. Гэтэл найрсаг ойн баярыг эсрэгээр нь харж буй шинжээчид ч байгаа юм. Тэд Умард Солонгос улс энэ жилийн ойн жагсаалд баллистик пуужингуудаа гаргаагүй нь холын зайн тусгалт пуужингийнх нь туршилт аль хэдийн бүрэн хэрэгжиж дууссантай холбоотой гэжээ.
Түүнчлэн Умард Солонгос Хятадтай харилцаа холбоо сайтай байдгийг илтгэн Хятадын Коммунист намын гуравдахь том албан тушаалтан Ли Жаншу ойн баярыг сонирхож Ким Жон Унтай хамт тагтнаас мэндчилсэн. Баярын арга хэмжээнд гадны 980 зочин уриргдсанаас 140 сэтгүүлч багтжээ. Зочдын дунд Францын жүжигчин Жерард Депарде, ОХУ-ын Парламентын дээд танхимын спикер зэрэг нэр хүндтэй зочид байсан юм.