СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-09-10

Д.Амбасэлмаагийн адармаатай амьдралын нууц

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

МУСГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаагийн амьдралын түүх тун сонирхолтой. 60 жил үзэг барьж, дуу хоолойгоо түмний сонорт  хүргэсэн уран бүтээлийнх нь сан хөмрөг арвин. Түүний царайг хараагүй хэрнээ дуугаар нь  Хөдөөгийн хүмүүсийн эгэл амьдрал, баяр гуниг, хүсэл мөрөөдөл, сэтгэл зүрх, ухаан бодлыг нэвтрүүлгээрээ дамжуулан олны “зүрхний фондод” хадгалан үлдээсэн ахмад сэтгүүлчийн үлгэр дуурайл сэтгүүлзүйн салбарт хэдийнэ тод мөрөө үлдээсэн. 

Тэгвэл сэтгүүлч, зээ охин Б. Саруул “Сайхан эмэгтэй бүрийн цаана дардан амьдрал заяадаггүй ч сайхан эмэгтэй бүрийн цаана амьдралын ухаан, цуцашгүй тэмүүлэл нуугддаг гэдэг нь гарцаагүй үнэн юм” хэмээн эмээгийнхээ тухай өгүүлсэн “Өөрөөс эхлэх амьдрал” номоо уншигчдад өнөөдөр өргөн барилаа. Тэрбээр эмээгээ уран бүтээлч гэдгээр нь бус хувь хүнийх нь дотоод ертөнцөөр уншигчдыг аялуулж, сайн ээж, сайн эмээ, хүчирхэг эмэгтэй гэдгийг харуулахыг  зорьжээ. Эмээгийнх нь зан чанар, амьдралаа залуурдаж ирсэн  ухаан, үр хүүхдүүддээ өвлүүлэн сургадаг дадал, хэвшил хүмүүст төдийлэн хүрч байгаагүй сэдэв юм.  

Сэтгүүлч Б. Саруул өмнө нь “Зүрхний нулимс Гоолингоо”, “Мадам Цэнд-Аюуш” номоо олны хүртээл болгож байсан бол энэ удаа гурав дахь бүтээлээ хайртай эмээгийнхээ мэндэлсэн өдрийг угтан сэтгэлийн бэлэг болгон хэвлүүлжээ. Ингэхдээ гэр бүлийн нандин түүх, эмээгийнхээ сургаал, бага балчир наснаас ой дурсамжинд нь үлдсэн сонирхолтой явдлаар баяжуулан баримтжуулсан байна. 

Уншиж, үзэж, сонсож болох энэ номын хамгийн сонирхолтой хэсэг нь . Монголын сэтгүүлзүйн түүхэнд өөрийн хуудсаа нээж дайчин чанар, амьдралын даваа саадыг сөрөх тэвчээр, сэтгүүлчийн ажлын онцлог, амьдралынх нь “нууцыг” дэлгэснийг энэхүү номноос уншиж болох нь. “Эмэгтэй хүн би чамд хайртай гэж эр хүнээр хэлүүлэхээр гоё байх хэрэгтэй, яршиг л байна” хэмээсэн үгээрээ олон бүсгүйчүүдэд ухаан, зориг, урам бэлэглэсэн ахмад сэтгүүлчийн амьдралын баялаг түүх уншигч танд жаргал эдлэх ухаан, зовлон даах нуруу, зорилгоо урагшлуулах хүч, дурсамжтай амьдрах хүсэл төрүүлэх буй за. Сонирхуулахад зөвхөн “Интерном” номын дэлгүүрээр энэ сарын 11-нээс эхлэн худалдаалагдах уг номонд зориулан Үндэсний үйлдвэрлэгч Ялгуун брэнд 100 хувийн торгон алчуур тусгайлан гаргаад байгаа билээ. Номын нээлтийн үеэр Дүгэрийн Амбасэлмаа гуай “Миний амьдралын олон дурсамжийг зээ охин минь ном болгон хэвлүүлсэнд баяртай байна. . Шинэ ном хараад, шинэ номны үнэр мэдрээд би өөрөө залуужлаа. Залуу насанд ном бичих сайхан. Өөрийн эрхгүй эрч хүч мэдрэгддэг юм. Энэ удаа зээ охиныхоо тэрлэсэн “Өөрөөс эхлэх” амьдрал” номных нь анхны уншигч, бас анхны шүүмжлэгч нь болж байна” хэмээн өгүүлсэн юм. Ийнхүү эмээгийн ачийг хариулж номон суварга босгосон  зээ охин Б.Саруултай цөөн хором ярилцлаа. 

Б.Саруул: Эмээгийнхээ амьдралын түүхийг ухаан, эвээр гаргах амаргүй байлаа

-Танд ойр дотныхоо хүний амьдралын тухай ном бичих нэг бодлын амар хэрнээ адармаатай ч юм шиг санагдсан байх?

-Зуны зүс бороонд нойр хоолоо хугаслан байж эмээгийнхээ мэндэлсэн өдөр бэлэг барьж баярлуулах юмсан гэж маш их хичээсэн. Миний мөрөөдөл, чин хүсэл яг энэ цаг мөчид биелж байна. Эмээгийнхээ 85 насных нь ойн бэлэг болгож энэ номыг бичиж байхдаа зөндөө их уйллаа. Өмнө нь хэзээ ч анзаарч харж байгаагүй тэр бүхнээ эргэцүүлэн ухаарч, хажуудаа буй юм бүхнийг хайрламаар санагдлаа. Эх хүн та ямар байна, эх орны маргааш тийм байна. Тиймээс эх хүн та эх орны тусгаар тогтнолын манаач юм хэмээн хэлмээр байна. Дэндүү сайн мэддэг хүнээ бичих амархан хэрнээ хэцүү байлаа. Эмээгийн амьдралын түүх баялаг, ус шиг ариун хэрнээ ухаан эвээр зангилааг нь гаргах амаргүй даваа байлаа. Энэ ном миний эмээдээ зориулсан номон суварга юм. 

-Эмээдээ барьсан хамгийн сайхан бэлэг энэ ном байлаа?

-Тийм ээ, би оюутан байхдаа анхныхаа цалингаар эмээдээ мөнхийн цагаан уул цэцэг жаазлуулаад бэлэглэж байв. Юугаа ч мэдэхгүй хүүхэд наснаас минь өнөөг хүртэл хайрласан эмээ минь миний мөнхийн цагаан уул цэцэг юм. Хайртай хүмүүсээ амьдад нь баярлуулах хамгийн сайхан бэлэг байдаг юм байна гэдгийг ухаарлаа. 

-Эмээгийнхээ тухай ном бичих бодол эртнээс төрсөн үү?

-Надад эмээгийн амьдрал, уран бүтээлийн тухай ном бичээч гэж олон хүн санал тавьсан. Эмээг сэтгүүлч, уран бүтээлч гэдгээр нь монголын ард түмэн сайн мэднэ. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт эмээг маань орсноос хойш “Д.Амбасалмээ хэмээх хүн үр хүүхдүүддээ ээж, эмээ хүн гэх өндөрлөгөөс яаж харагдах бол. Тэр дундаа зээ охиных нь нүдээр харах илүү сонин байх болов уу. Чи ойр дотно байдаг хүний хувьд нэг сайхан ном тэрлээч. Үр хүүхдүүд, ач зээ нартаа хэлэх үг нь хоосонгүй л байгаа даа” гэж Б.Лхагвасүрэн гуай зөвлөсөн. Эмээгийнхээ тухай ном бичихээс эхэндээ эргэж хургаж байлаа. Эмээтэй хамт нэг салбарт ажилладаг сэтгүүлчид надад үг, орон зай гаргахгүйгээр хөрөг зөндөө бичсэн шүү дээ.Тиймээс эх хүн, эмээ талаас нь үр хүүхдэдээ юу захиж сургасан юм бэ гэдгийг “Өөрөөс эхлэх амьдрал” номондоо тулхүү орууллаа. Эмээгийн маань буцалсан их амьдралын дунд яаж ажлаа амжуулдаг байсан тухай өмнө нь ном товхимол дээр хэзээ ч гарч байгаагүй. Тиймээс амьдралдаа баримталж ирсэн нарийн нандин зөвлөгөөнүүдийг нь энэ номд баринтаглаж оруулсан.           

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.