Хэрэв та энэ оны аяллын төлөвлөгөөгөө гаргаж байгаа бол БНАСАУ-ыг багтаахыг зөвлөж байна. Учир нь дэлхийн хамгийн хаалттай бөглүү коммунист улсад энэ онд цоо шинэхэн далайн эргийн амралтын газар үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.
Энэ бол энгийн нэг амралтын газар биш, бүхэл бүтэн аялал жуулчлалын цогцолбор бүс. Улсдаа төдийгүй зүүн хойд Азид томоохонд тооцогдох “Вонсан Калма” аялал жуулчлалын бүс 2019 оны 10 дугаар сард үүд хаалгаа нээнэ.
Умард Солонгосын төрийн мэдлийн телевизийн дамжуулснаар “Вонсан Калма” нь Ким Жон Ун удирдагчийн хамгийн их анхаарлаа хандуулж буй гол төслүүдийн нэг бөгөөд өнгөрсөн онд гурван ч удаа өөрийн биеэр бүтээн байгуулалтын явцтай танилцжээ.
АНУ-д төвтэй Умард Солонгосыг хянадаг хиймэл дагуулын зурагнаас харахад аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалт дуусч байна. Тансаг зэрэглэлийн зочид буудлууд, далайн эргийн амралт зугаалгын газрууд, спорт болон тоглоомын төв, усан парк, кино театр зэрэг жуулчид амралтаа өнгөрөөхөд хэрэгцээтэй бүхий л газрууд энд босчээ.
Ким удирдагч хүүхэд байхдаа зуны амралтаа Вонсан мужид өнгөрөөдөг байснаас үүдэж энэ бүсийг аялагч жуулчдыг татах төв болгохоор санаачилсан байна. Цөмийн зэвсгийн туршилтуудаас болж олон улсын эдийн засгийн хоригт гацаад буй Умард Солонгосчууд аялал жуулчлалаар дамжиж хөрөнгө оруулалт татахаар төлөвлөсөн гэж барууны хэвлэлүүд бичжээ.
Энэ онд шинээр нээгдэх аялал жуулчлалын бүс нь “Вонсан Калма” нисэх буудал болон далайн эргийн дунд байрлах юм. Уг нисэх буудлыг цэргийн болон дотоодын нислэгт ашиглаж байгаа ч томоохон аялал жуулчлалын бүс нээхтэй холбогдуулан олон улсын чиглэлд нислэг үйлдэж магадгүй гэж таамаглаж байна.
Пхеньян гаднаас ирдэг аялагч жуулчдын тоог албан ёсоор танилцуулдаггүй ч Азийн мэдээллийн сувгийн дамжуулснаар жилд 100,000 гадны жуулчин коммунист улсад ирдэг гэжээ. Хэрэв аялал жуулчлалын төв нээгдвэл жилд саяас дээш жуулчинг татна гэж тооцож байна.
Дэлхийн хамгийн хаалттай бөглүү гэгддэг төдийгүй цөмийн хошуугаар цэнэглэсэн оронд аялах нь эрсдэлтэй гэдгээс илүү сонирхолтой биш гэж үү?
Эх сурвалж: www.cnn.com