Хагас зууны турш дайсагнаад байсан Умард Солонгос, АНУ-уудын төрийн тэргүүнүүд өнгөрсөн 2018 онд анх удаа уулзаж түүхэн дипломат ажиллагааны эхлэлийг тавьсан. Ким Жон Ун, Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт тун удахгүй болохоор төлөвлөж байна.
Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Умард Солонгосын өндөр дээд албаны төлөөлөгч Вашингтонд айлчиллаа. Ким удирдагчийн баруун гарын туслах, тагнуулын албанд хүчин зүтгэж байсан гэгддэг генерал Ким Ён Чоль Хятадын нийслэл Бээжингээр дамжиж Вашингтонд иржээ. Залуу удирдагч баруун гарын туслахаараа дамжуулан Трампад захидал илгээсэн байна.
Умардын төлөөлөгч өнөөдөр Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзахаар төлөвлөжээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Сингапур улсад болсон хоёр орны түүхэн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн генерал Ким Ён Чоль өөрийн биеэр Вашингтонд ирж байсан удаатай. Тиймээс дараагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлд эсвэл ирэх сарын эхэнд болох гэж байна гэж ажиглагчид хүлээж байна.
Энэ хооронд Умард Солонгосын гадаад хэргийн яамны дэд сайд Чое Сон Хуй Швед улсыг зорьж тэнд Пхеньян дахь Вашингтоны тусгай төлөөлөгч Стефен Бьегантай уулзах гэж байна.
Умард Солонгос, Америкийн удирдагчдын эхний уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэхэд талууд хүчин чармайлт гаргахаар болсон ч тохиролцсон хэлэлцээрүүд удаашралтай хэрэгжиж байна гэж үзсэн. Хоёр дахь удаагийн уулзалтаар ярих гол сэдэв тодорхойгүй байгаа ч эхний уулзалтаар тохиролцсон хэлэлцээрийн хэрэгжилтийг түргэсгэх тухай яригдана гэж ажиглагчид таамаглажээ.
Шинэ оны солигдох мөчид удирдагч Ким мэндчилгээндээ хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх явц АНУ-ын хориг цуцлагдах явцаас шалтгаална гэсэн юм.
Эх сурвалж: www.bbc.com