УИХ өөрөө тарах, ээлжит бус сонгууль явуулах УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан тогтоол дээр өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үсэг зурлаа. Ингэснээр УИХ тараахыг дэмжиж зурсан гишүүдийн тоо 14-т хүрээд байна. 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх боломжтой юм.
Гарын үсэг зурсан талаараа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: “Төрийн тогтвортой байдал, тасралтгүй байх зарчим алдагдаж байгаа учир би өнөөдөр УИХ-ыг тараахыг дэмжиж байгаа. Монгол төрийн дархлааг сулруулсан хуулийг УИХ баталж байгаа учраас их хурлыг тараах бичигт гарын үсэг зурж байгаа юм. Ер нь бол албан тушаалын хүсэл сонирхол, шуналыг хуулиар хязгаарладаг. Энэ хүсэл, шуналыг хязгаарласан хуулийн зохицуулалтыг Үндсэн хуулиар хийх ёстой гэдгийг ярьж байсан. Тэгвэл өнөөдөр албан тушаалын төлөөх хүсэл сонирхлыг улам төрүүлэх хуулийг өнөөдөр УИХ баталлаа. Тиймээс УИХ цаашид тарж, үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэж үзэн гарын үсэг зурлаа” гэлээ.
Харин өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөч гэсэн сэтгүүлчдийн асуултад;
“Эрдэнэбатын ч бай, Хүрэлсүхийн ч бай Засгийн Монгол ардын намд харьяалагдана. Ард түмний амьдрал сайжрах юм бол МАН-ын байгуулсан Засгийн газрын үйл ажиллагаа сайн байна гэж үзнэ. Муу ажиллавал МАН-ын байгуулсан Засгийн газар муу ажиллалаа гэж үзнэ.
Эрдэнэбатын Засгийн газар яагаад огцорсон бэ гэвэл албан тушаал авах гэсэн шунал дээр үндэслэн гарын үсэг зурцгаасан гэдэг нь тодорхой болсон. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хуулийн шинэчлэлийг хийх ёстой байсан Их хурал маань үүнээсээ дордуулсан хууль баталж байгаад үнэхээр харамсаж байна” гэлээ.
УИХ-ыг тараах гарын үсэг зурсан талаараа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Улстөрийн нөхцөл байдалд тааруулж хууль гаргана гэдэг зарчмын хувьд буруу. УИХ-ын дэгийн тухай хуулийн дархлааг байхгүй болгож байна. Төрийн дархлаа алдагдах нөхцөл байдал үүслээ.
Үндсэн хуулийн хямралын асуудлыг цэгцэлье гэж ярьж байгаа. Бид зоригтой өөрчлөлтийг хийхгүйгээр өнөөдөр үүссэн асуудлыг өөрчилж чадахгүй. Хувь хүнийг өөрчилснөөр, тухайн нөхцөл байдалд тааруулж өөрчилснөөр өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Ирэх 30 жилийн бодлого дээрээ тулгуурлаж Үндсэн хууль болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах ёстой.