Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетийн нөхөр Эдинбургийн гүн хунтайж Филип автомашины осолд орсон байна. Өдгөө 97 настай хунтайж осолд орох үедээ Land Rover машин жолоодож байсан ба азаар гэмтэл бэртэл авалгүй өнгөрчээ.
Харин хунтайж Филипийн автомашинтай мөргөлдсөн Kia загварын автомашинд байсан хоёр эмэгтэйн нэг нь гараа гэмтээж нөгөө нь ил шарх авсан гэж мэдээллэж байна.
Осол орон нутгийн цагаар пүрэв гарагт 15 цагт Норфолк хотод Сандрингхамын ойролцоо А149 дүгээр замд гарчээ. Хунтайжийн жолоодож байсан Land Rover зүүн талаасаа хүчтэй мөргүүлж онхолдсон байна. Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар ослын дараахан хунтайжийг машинаас гаргахад гэмтэж бэртээгүй байсан ч цочролд орж сандарч чичирсэн байсан гэжээ.
Цагдаа нар ослын шалтгааныг шалгаж эхэлсэн ба жолооч нараас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх тест авахад аль аль нь эрүүл байсныг нотлоод байна.
Авто ослоос эсэн мэнд гарсан ч таван сарын дараа 98 нас хүрэх гэж байгаа хунтайж Филип жолооны ард суусан байсан нь анхаарал татаж байгаа юм. Их Британи улсын хуулинд 70-аас дээш насны жолооч нар гурван жил тутамд шалгалт өгч жолоодох эрхийн үнэмлэхээ шинэчлэх ёстой байдаг байна.
Эх сурвалжийн мэдээлснээр хунтайж жолооны үнэмлэхээ тухай бүрт нь шинэчилсэн байсан гэжээ. Тэрээр 55 настайдаа онгоц жолоодож байсан нь тухайн үедээ шүүмжлэлд өртөж байсан юм. Хэт өндөр настайдаа эрсдэлтэй алхам хийх нь тохиромжгүй гэж үздэг. Их Британид гарч байгаа авто ослуудын дийлэнх нь хэт өндөр настай жолооч нараас үүдэлтэй байдаг аж.
Хунтайж Филип 65 жил Их Британийн хатан хааны гэр бүлийг төлөөлж байгаад 2017 оны наймдугаар сард олон нийтийн арга хэмжээнд дахин оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард хунтайж Харригийн хуриманд оролцсон ч зул сарын баярын арга хэмжээнд оролцоогүй юм.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com