УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын есөн гишүүний санаачлан боловсруулсан “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өчигдрийн УИХ “Түр хороо байгуулах шаардлагагүй” хэмээн унагалаа. Уг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотойгоор үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл боловсруулсан юм.
Хэдийгээр “Хуулийн байгууллага шалгаж байхад хөндлөнгөөс оролцох шаардлагагүй” хэмээн энэхүү тогтоолын төслийг унагасан ч бодит байдал дээр Түр хороо байгуулах нийгмийн шаардлага үүсээд байгаа билээ.
Төрийн байгууллагыг нийлж тонодог, ил цагаан хувааж иддэг байдал хавтгайраад байгаа. Үүний нэг илрэл нь Хөгжлийн банк юм. Хөгжлийн банкийг тухайн үед дэд сайд байсан Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгаад 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн. Энэ бол “Улаанбаатар хотын гэр хорооллын бараг айл болгонд Приус машин авч өгөх хэмжээний мөнгө” гэж дэд сайд асан мэдэгдээд байгаа. Гэтэл энэ ажлын хэсгийн дүгнэлтийг хуйвалдаж идэцгээсэн улстөрчид хаалттай хэлэлцсэн болоод хав дарчихсан.
Хэрэв нээлттэй хэлэлцвэл МАНАН гэж яриад байгаа МАН ч, АН ч ялгаагүй нэр төр нь шаварт унах учир “улсын нууц” нэрээр хаалттай хуралдсан байдаг.
Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг шалгах Түр хороо байгуулчихвал өөрсдийнх нь бузар булай илрэх гээд байгаа учир наана нь бас хаачихлаа. Хэрэв хороог байгууллаа ч хаалттай хэлэлцсэн болоод хав дарахаа мэдэх л улс.
Тогтоолын төслийг унагасан гол шалтгаан нь “Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа” гэж УИХ-ын ЖДҮ-чин гишүүд мэдэгдсэн. УИХ-д 23 ЖДҮ-чин сууж байгаа нь тодорхой болсон. Зарим эх сурвалж, 30 гишүүн байгаа учир дийлдэхгүй байна гэж мэдэгдээд байгаа.
Прокурорын байгууллагаас сая дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулаад уналаа. Хамгаалж авч үлдсэн УИХ-ын дөрвөн гишүүнээс ганцхан Б.Ундармаа нь яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан байхад нөгөө гурав нь болох Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар АТГ-ын дуудсан цагт ирэхгүй, утсаа салгаад зугтаад байгаа талаар эх сурвалж мэдээлж байгаа. Ирэх долоо хоногт тэднийг орон даяар эрэн сурвалжлах зарыг нийтэд түгээнэ гэсэн. Шалгагдаж байгаа нэртэй ингэж муур, хулгана болж байгааг нь дээр дооргүй мэдэж байгаа учир Түр хороо байгуулж, хэлэлцье хэмээсэн ч “Үгүй” гэсэн хариу сонсчихлоо.
ЖДҮ-чид өөрсдийгөө шалгуулахгүй гэж хэлэх тусам ардтүмэн тэднийг уучлахгүй юм. Дахин сонгохгүй юм.