УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан: М.Энхболд оо! Таны эхнэр манай Сүхбаатар аймгийн эмэгтэй. Та манай аймгийн хүргэн. Хүргэн та таалагдахгүй байна гэж хэллээ.
Хариуд нь УИХ-ын дарга М.Энхболд: Тэгээд яах уу? Эхнэрээсээ салах уу? Та ер нь жаахан ёс жудагтай байгаарай. Ер нь намайг миний гэр бүлийн хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Миний гэр бүлийн хүний эсрэг н.Оюунцэцэг тэргүүтэй эмэгтэйчүүд нийлж жагссан. Шаардлага, тулгалт өгсөн. Миний эхнэрт тэр шаардлагыг өгөөд яах юм бэ?
Миний улс төрийн амьдралын 20-иод жилийн хугацаанд манай гэр бүлийн хүн юунд ч оролцож байгаагүй. Энэ сууж байгаа хүмүүсийн олонхи нь тэрийг мэднэ. Миний эхнэрийг намайг хотын дарга байх үед архины зөвшөөрөл олгодог байсан гэж сүүлийн гурав хоног сошиалаар зохион байгуулалттайгаар бичиж, ярьлаа. Шинэ жилээр л хотын захиргаан дээр намайг дагаж очиж байсан байх. Харин тэр архины зөвшөөрлийг чинь намайг хотын дарга байх үед Ц.Нямдоржийг авгай өгч байсан ш дээ. Андуураад байгаа юм уу, зориуд гүтгээд байгаа юм уу.
Ж.Батзандан гишүүнд хандаж хоёр үг хэлье. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг. Яг асуудал үүсэхээр зугтаадаг хүн шүү. ЖДҮ-ийн тухай асуудлыг ярья гэхээр картаа сугалаад гараад явсан. Яриад дууссаны дараа картаа аваад ороод ирсэн.
Манай өрөөнд болсон үйл явдал... Тэнд 7-8 хүн наануу цаануу болоод байж байсан. Цэнхэр ноосон малгайтай хүн хамгийн дээр зогсож байснаа асуудал үүсээд бужигнангуут хамгийн доор очоод, зугтаагаад гарч байна лээ.
Манай намын байшинг шатаах үйл явдалд оролцож байсан хүн шдээ. Одоо манай намын залуустай дөрөө харшуулаад л яваад байна. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшье гээд явж байх л хүн шүү.
Ахынхаа тухай яриад, Хууль зүйн байнгын хорооны тухай надтай яриад өөрийнхөө намын даргын эсрэг гарын үсэг зурж л явсан хүн. Үүнийг манай намын залуу гишүүд бодох хэрэгтэй. Хэнтэй нөхөрлөж яваагаа ч бодох хэрэгтэй.
60 тэрбумын ургийн модыг одоо зурья, одоо ТББХ дээр ярья гэхээр л чимээгүй болчихоод байгаа шдээ.