Энэ долоо хоногийн эхэнд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Брексит буюу Европын Холбооноос өрх тусгаарлах гэрээ хэлэлцээрийн төлөвлөгөөгөө Парламентад танилцуулаад байсан. Гэсэн ч Парламентын дийлэнх гишүүд буюу 432 гишүүн Ерөнхий сайдын төлөвлөгөөг үгүйсгэж 202 гишүүн дэмжсэн.
Ингэснээр сөрөг хүчний гол нам Хөдөлмөрчдийн намын дарга Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулахыг шаардаж Тереза Мэй үргэлжлүүлэн Засгийн эрх удирдах эсэх нь эргэлзээтэй болсон юм. Их Британийн Парламентад санал хураалт явагдаж дууссан байна. Парламентын гишүүд Ерөнхий сайдад дахин итгэл үзүүлэхээр шийджээ.
Парламентын 306 гишүүн одоо байгаа Засгийн газрын эсрэг санал өгсөн ч 325 гишүүн дэмжсэн байна. Ерөнхий сайд Мэй санал хураалтын дараа Парламентын гишүүдэд хандан "хувийн ашиг сонирхлоо хойш тавьж Брекситийн төлөө хамтдаа тэмцэх хэрэгтэй" гэж уриалжээ.
Их Британи улс ирэх гуравдугаар сарын сүүлээр албан ёсоор Европын Холбооноос гарна. Үүнээс өмнө цаашид холбооны гишүүн орнуудтай хэрхэн харилцах тухай байр сууриа тодорхой болгож гэрээ хэлэлцээрийн санал дэвшүүлэх хэрэгтэй. Европын Зөвлөлөөс Их Британийн Засгийн газрыг яаравчлуулж байгаа ч Тереза Мэйн дэвшүүлсэн саналыг эсэргүүцсэнээр Парламентад дахин хэлэлцэх шаардлагатай болж байна.
Эх сурвалж: www.bbc.com