Сэтгүүлч, гэрэл зургийн сурвалжлагч Р.Хишиг-Алдарын “Humans in Sweden” гэрэл зургийн номын нээлт өнөөдөр Монголын театрын музейд боллоо. Тус гэрэл зургийн номонд Швед улсад ажиллаж, амьдарч буй монголчууд болон тухайн улсын онцлог, өв соёл, аж ахуй, тэнд амьдарч буй хүмүүсийн 900 гаруй хөргийг буулгасан юм. Мөн тухайн орны түүх, газар нутгийн онцлог, хүмүүсийн аж амьдралын тухай 30 гаруй мэдээлэл, нийтлэл бичиж орчуулан, Монгол түмэндээ хүргэн номын нээлтээ хийлээ.
“Бид хоёр Швед улсад амьдраад найман жил болж байна. Энэхүү гэрэл зургийн номонд орсон хөрөг зураг болон, нийтлэлийг тухайн улсын газар нутагт авсан. Манай нөхөр сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Гэрэл зураг аваад таван жил, гэрэл зургийн холбоонд элсээд гурван жил болж байна. Швед улсад монголчууд хөл тавиад 28 жил болж байна. Энэ хугацаанд монголчууд хэрхэн ажиллаж, амьдарч байсныг зургаар харуулахыг хичээсэн. Швед улсад 10,000 гаруй монголчууд амьдардаг. Зурагнаас гадна нийтлэл, мэдээллүүд багтсан байгаа.
Швед улсад ажиллаж, амьдарч буй монголчууд болон тухайн улсын онцлог, өв соёл, аж ахуй, тэнд амьдарч буй хүмүүсийн 900 гаруй хөргийг буулгасан юм
Нийтлэлд нь гадаад улс, оронд амьдрахад ямар боломжтой байдаг, сургууль цэцэрлэг, тухайн улсын түүх, дурсгалт газрууд, ямар ажил хийх боломжтой байдаг гэх мэт мэдээллүүдийг хүргэсэн. Одоо Шведэд гэрэл зургийн студи ажиллуулж байгаа. Тэнд студийн төлбөр үнэтэй байдаг учир монголчууддаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг. Мөн бид монголчуудыгаа зургийн цомогтой болгохоор зорьж байгаа. Учир нь хүмүүс гар утас, компьютер дээр зургаа хадгалдаг, хэзээ нэгэн өдөр тэр нь гээгдэх магадлал өндөр байдаг. Зураг түүх өгүүлнэ гэдэг шүү дээ. Өнөөдрийн гэрэл зургийн номын нээлтэндээ өөрөө ирж амжсангүй” гэв.
“Р.Хишиг-Алдар бид хоёр 1990-ээд оны сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн хэвлэл мэдээллийн албанд хамт ажиллаж танилцаж байв. Р.Хишиг-Алдар нь сонин, телевиз, фм радио гэх мэт хэвлэл мэдээллийн бүх салбарт ажиллаж байсан. Тэгээд Швед улсад амьдарч эхлээд гэрэл зураг сонирхож бүтээлээ гаргасан байна. Уг бүтээл нь 30 бүлэгтэй, Швед орны тухай өгүүлж, мэдээ мэдээллийг тусгасан байна. Хүмүүсийн хөрөг, зургуудад тодорхой тайлбар, газрын тухай мэдээллийг оруулж өгсөн нь өвөрмөц, шинэлэг болж байгаа юм. Түүний авсан зураг ихэнх нь хөрөг зураг, үйл явдал, баяр ёслолын зургийг багтаасан байна” хэмээв.
Сурвалжлагч Д.Болор-Эрдэнэ