Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр очиж үг хэлж, өмнөх жилд өгсөн үүрэг даалгавруудаа сануулжээ. Тэрээр юун түрүүнд оффшорт данстай төрийн албан хаагчийг шалгах, төрийн албан хаагчийг 60 тэрбумаар наймаалцах гэсэн үйлдэл зэргийг шалгахыг өнгөрсөн жил сануулж байсан гэдгээ онцлоод Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал, С.Зориг агсны хэргийн тал дээр ямар ч ажил хийгдэж, ахиц гарсангүйг онцоллоо.
Мөн тэрээр прокурорын байгууллагад эрх мэдэл дутаагүй боловч олны анхаарал татсан, эрх мэдэлтнүүд холбогдсон хэргүүд шийдэгдсэнгүй гэдгийг хатуухан анхаарууллаа.
Шударга ёсыг энэ танхимаас эхлүүлэх ёстой
Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар оруулах үедээ “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна, шударга ёс?” гэж асууж байсан. Үүнийг Монгол орон даяар харж, сонссон. Би яг тэр асуултыг энэ танхимд давтмаар байна. Шударга ёсыг та нар энэ танхимаас эхлүүлэх ёстой. Ийм тангарагтай, ийм мөрдэстэй хүмүүс шүү та бүхэн. Жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой бас нэг тодорхой асуудал нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон. Өөрөө үүнийгээ хүлээсэн. Өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй албан тушаалаа хашаад сууж байхад Ерөнхий прокурор нь бусдаас шударга ёс нэхэх утга учир байна уу, иргэд хүлээж авах уу?
Б.Амгаланбаатар прокурор энд сууж байна. Асуудал гарсан даруйд би өөрийг чинь дуудаж уулзаад шударга ёс танайхаас эхэлнэ, өөрөө ажлаа өгөөд шалгуул гэж хэлсэн. Та санаж байгаа байх. Харамсалтай нь та тэгсэнгүй. Мөн ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаататартай барьцаж байгаа асуудал яригдаж байна. Энэ асуудал УИХ-ын танхимд яригдсаар л байна. Мөн улсын Ерөнхий аудитор яг ийм асуудлаас шалтгаалан ажлаасаа халагдсан. Албан тушаалаасаа чөлөөлөгдөөд шалгуулж байгаа.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та бид хоёрт дуусгаагүй ажил байгаа гэдгийг хуулиар заагаад өгчихсөн байна. Орлогчийнхоо асуудлыг шийдэж байж бид нийгэм рүүгээ харах ёстой. Тайлбар нь, “Манай эхнэр авсан. Манай эхнэр жижиг, дунд үйлдвэрлэл аваад явдаг…” гэх байх. Тэрийгээ л шалгуулаад тодорхой болгочих гэсэн санааг хэлээд байгаа юм.
Өнгөрсөн жил гэхэд л ЖДҮХС-гаас нийт 134 зээл олгосны 121 нь тодорхой нөлөөлөл орсон байдлаар олгосон болох нь тодорхой боллоо гэж Ерөнхий прокурор та УИХ-ын танхимд хэлсэн. 60 тэрбумын хэрэг, ЖДҮХС-ийн зээлийг албан тушаалтнууд эрх мэдэл нөлөөллөө ашиглан авсан хэргийг шалган шүүхэд аваачих нь та нарын үүрэг. Мөн эдгээр хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, албан хаагчдын асуудлыг дахин УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. 60 тэрбумын хэргийг дахин сэргээсэн. Төрийн албыг арилжсан хэргийг эвлүүлэг болгосон албан тушаалтнууд нь одоо хүртэл ажлаа хийгээд явж байгаа. Мөн Б.Амгаланбаатарын асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Хууль тэгш үйлчлэхгүй, шударга ёс хэрэгждэггүйгээс ард иргэд бухимдалтай байна, иргэд шударга ёсыг шаардаж байна.
Х.Баттулга: Утаатай холбогдолтой баримтуудыг би дахин прокурорын байгууллагад хүлээлгэж өгнө
Мөн дараагийн нэг чухал асуудал бол утаа. Бид олон жил утаатай тэмцэж байна гэх нэрээр олон зуун тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулсан. Утаагүй зуух гэх мэт тодорхой эзэнтэй, гэхдээ огт үр дүнгүй ажлуудад зарцуулсан мөнгөний хариуцлагыг яагаад эргэж нэхэхгүй байгаа вэ. Зуух өөрөө, өөрийгөө оруулж ирээд, зараад, мөнгөө аваад явахгүй. Зуухны эзэн, зууханд зарцуулсан мөнгө нь тодорхой байгаа. УИХ-аар шийдвэр гаргасан хүмүүс нь ч гэсэн тодорхой байгаа. Үүнээс болж дэлхийн хамгийн бохирдолтой орон гэж дэлхий дахинаа зарлуулаад сууж байна. Зарцуулсан мөнгийг нь харахаар утаагүй болчихоор хэмжээ харагддаг.
Гэтэл олон зуун хүүхэд өвдөж, эндэж, өвчин нүүрлэсээр байна. Утаатай холбогдолтой асуудлыг би дахин баримтад түшиглэн баримтуудыг прокурорын байгууллагад хүлээлгэж өгнө. Энэ долоо хоногтоо багтаан өгнө. Хордож байгаа, хохирч байгаа гэр бүл, хүүхдүүдийн өмнөөс утаагаар бизнес хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурин дээр би хатуу зогсож байгаа.
Ийм тодорхой хэрэг дээр арга хэмжээ авахгүй бол тодорхой бус хэргүүд цаашаа явахгүй. Улс орныг хөсөрдүүлсэн, дэлхий дахинд Монгол Улсыг муу, муухай харагдуулсан улс орны хөгжлийг гацаасан тодорхой бүлэглэлүүдийг би нэр заан хэлэх гэж байгаа юм.
Дараагийн миний ярих зүйл бол Салхитын мөнгөний орд.
500 сая ам.долларын нөөцийг 1983 онд олоод тогтоочихсон. Харин энэ ордод хяналтаа тогтоочихсон байсан гаднын хөрөнгө оруулагчид нэртэй хүмүүс нь юун азаар хоорондоо маргалдаж энэ хэрэг цагдаад очсон юм! Нөөц ашиглалтын татвар 5 хувийг улсад огт төлдөггүй, баяжмалынхаа агуулгыг дарж мэдүүлэх замаар татвараас үлэмж хэмжээгээр зайлсхийсэн. Гаалийн мэдээ, татварын мэдээ хоёр нь зөрсөн учраас энэ хэрэг анзаарагдах болсон. Уурхайн гэрээт харуул хамгаалалтын компани нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Газрын дарга Цогжавхлан гэгчийн хүүгийн өмчлөлд байдаг байна.
Хөрөнгө оруулагчдынх нь зүгээс Салхитын ордын баяжмалын агуулгыг дарагдуулах, татвараас зайлсхийх, хууль цагдаагийн ажилтнуудыг талдаа татан авлига өгөх замаар өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах гэх мэт хэргийг зохион байгуулагч, дэмжигч нь цагдаагийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс байжээ.
Энэ бол төрийн ялзралыг харуулсан маш ноцтой хэргийн дөнгөж эхлэл! Үүнтэй холбоотой прокурорууд ч байгаа. Мөрдөн байцаалтын шатандаа яваа учраас би зарлаж хэлмээргүй байна. Уул уурхай тойрсон иймэрхүү хэрэг, зөрчил маш их гарч байгаа. Та нарын нүдэн дээр, хамар доор чинь хууль бус үйл ажиллагаа дэлгэрч байна. Төр авах ёстой татвараа заавал авах ёстой. Аж ахуй эрхлэгчид татвараа шударгаар төлөх нь эн тэргүүний үүрэг. Прокурор хуулийн хэрэгжилтийг хангаж, шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлж байна уу? Маш тодорхой хэлье, хуулиар хүлээсэн ажлаа шударга хий, үүргээ гүйцэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байгаач гэж хүсмээр байна.
Мэргэжлийн ур чадвартай ажиллаж, бүлэглэлийн төлөө бус шударга ёсыг тогтоохын төлөө ажиллах ёстой. Шударга ёсыг өнөөдрөөс, энэ танхимаас эхлүүл. Та нар хууль зөрчсөн нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй бол та нарт итгэх итгэл ард түмний дунд алдарсаар байх болно.
Миний дээр дурдсан хэргүүд бол шинэ хэрэг биш шүү дээ. Даамжраад, давраад савнаасаа халиад хуулийг ноцтойгоор гажуудуулсан хойно нь мэдэж, оройтсон ч гэсэн арга хэмжээ авч хууль сахиулж байгаа. Уг нь иймэрхүү хэргийн илрэл, шинж дохио гармагц та нар анхаарч, таслан зогсоож байх үүрэгтэй. Шударга ёс хаана байна, хууль хаана хэрэгжиж байна гэж бусдаас асуухын өмнө өөрсдөө асуумаар байна. гэсэн юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт бүхий 142 хуудас өргөдөл өглөө
Ерөнхийлөгч албан ёсоор үгээ хэлж дууссаны дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хууль зөрчсөн үйлдлийг шалгаж өгөхийг хүссэн 142 хуудас өргөдөл өгч байгаагаа Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд гардуулж өгсөн юм.
Ингэхдээ тэрээр,
Иргэн хүнийхээ хувиар Таван толгойн ордын талаар хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмчид байдаг Таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого саяхан гарсан. Энэ хэргийн талаарх баримтыг дурдая.
2015 онд дөрөвдүгээр сард Засгийн газар ийм гэрээ байгуулах гэж байсныг тухайн үеийн УИХ-ын удирдлага болон 40 гишүүн зогсоосон юм. Тэдний нэг нь би. Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гаднынханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон. Энэ бол 60 тэмбумын нэгэн адил албан тушаалын гэмт хэрэг мөнөөс мөн. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байгааг асууж байна гээд Таван толгойн ордтой холбоотой уг асуудлын баримтыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хүлээлгэн өгч, шалгуулах хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг иргэнийхээ хувиар гаргаж байгаагаа онцолсон.