Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ-ын Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэгтэй хамтран тус нийгэмлэгээс зохион байгуулж буй “Дэлхийн Модны Өдөр” олон улсын наадамд оролцох уран бүтээлчийг сонгон шалгаруулах уралдаан зарлаад буй билээ.
Харин энэхүү наадмыг 2019 онд Австри улсад “Өөрчлөлт” сэдвийн дор ирэх гуравдугаар сарын 19-25-нд зохион байгуулах юм. Тус наадмын хүрээнд симпозиум, олон улсын уран бүтээлчдийн модон сийлбэрийн үзүүлбэр, үзэсгэлэн зохион байгуулагдахын сацуу ардын урлагийн сургалт, хөгжмийн наадам, мод тарих үйл ажиллагаа зэрэг арга хэмжээ явагдах гэнэ.
“Дэлхийн Модны Өдөр” наадам нь мод хүн төрөлхтөний амьдрал, тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олон нийтэд таниулах зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг соёл урлагийн арга хэмжээ юм. Тус наадмыг АНУ-ын Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэг жил бүр Олон улсын ой модны өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлалтай. Шалгарсан уран бүтээлч тус наадамд уригдан олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвиж, үзэсгэлэнд оролцох боломжтой.