НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан 15.00 цагийн үед эхэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Уг хуралдаанаар хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар нэр дэвшиж байгаа гэдгээ илэрхийллээ.
Ингээд хоёр нэр дэвшигчийн саналыг нууц санал хураалтаар явуулахаар болж, тооллогын таван гишүүнийг дэвшүүлэв.
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Баатархүү “Дэгийн дагуу хуралдахгүй хоёр удаа завсарлага авлаа. Завсарлага авсан ч цагтаа орж ирэхгүй байна. Хуулийн дагуу ажлаа хиймээр байна” гэсэн юм.
15:45 цагийн байдлаар НИТХ-ын 45 гишүүнээс 43 гишүүн ирсэн бөгөөд хуралд ирээгүй нэг гишүүн бичгээр санал ирүүлснийг тооцох эсэхийг хэлэлцэж байна.
16:20 цагийн байдлаар Хотын даргад нэр дэвшсэн хоёр хүний төлөө НИТХ-ын төлөөлөгчид саналаа өгөх гэж байна.
Төлөөлөгчдийг тойргийн дараалалаар дуудан саналыг өгүүлэх юм.
17:10 цагт Санал хураалт өгсөн 43 төлөөлөгчөөс нэг төлөөлөгч саналын хуудсанд буруу тэмдэглэгээ хийсэн тул тооллогын комисс дахин санал хураалт явуулах санал гаргав.
Ингээд Хотын даргад нэр дэвшсэн хоёр төлөөлөгчийн төлөө дахин санал хураалт явуулахаар боллоо.
Нэгдүгээр санал хураалтаар 21:21 тэнцсэн бөгөөд нэр бүхий гишүүд дугуйлсан саналаа зураг авч, өөр тэмдэглэгээ хийсэн. Иймд тооллогын комиссоос санаатайгаар санал хураалтын хуудсын зураг дарах, бусдад харуулах юм бол саналын хайрцагт оруулахаас өмнө нь саналыг хүчингүйд тооцно. Санал хураалтыг нууцаар авах журамтай аж.
Эцэст нь хоёр дахь санал хураалтын дүнг танилцуулахад 19 төлөөлөгч С.Амарсайханд, 24 төлөөлөгч С.Мөнхчулуунд саналаа өгсөнөөр 55,4 хувийн саналаар С.Мөнхчулуун Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо.
НИТХ-ын хуралдааны тогтоолыг Ерөнхий сайдад өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд батламжилсан тохиолдолд албан ёсоор хотын дарга томилогдоно.