Урианхай овгийн онцлог шинжийг илэрхийлсэн сурын харвааны эртний уламжлалт ёс заншлыг өнөө хүртэл хадгалан харваж ирсэн нь Урианхай сурын харваа. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Б.Баярсайхан нутгийнхаа залуустай энэ л харваагаар анх цэц сорьж, сурын спортын гайхамшгийг мэдэрсэн гэдэг.
Тэрбээр 2006 онд үндэсний сурын харваагаар хичээллэж 2009 онд Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ. Харваач залуу нутгаасаа төрсөн хоёр дахь мэргэн. Түүнийг үндэсний сурын харваанд анх татаж оруулсан хүн бол улсын мэргэн Б.Батжаргал. Б.Баярсайхан мэргэнийнх гэр бүлээрээ үндэсний сур харвадаг. Эхнэр С.Цэрэнсамбуу нь эмч мэргэжилтэй. Үндэсний сураар хичээллэж 2011 онд спортын мастер цол хүртсэн.
Мэргэн харваач залуу урианхай сурын харваанд судалгаа хийж, энэ харвааны бусад харваанаас ялгардаг онцлог, гайхамшигтай давуу талаас үндэсний спорт сонирхогчидтой хуваалцахыг хүсдэг байсан бодлоо ийн хэрэгжүүлжээ. Тэрбээр энэ сарын 10-нд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн магистрантурын сургалтыг дүүргэж "Урианхай сурын харвааны ёс заншил, уламжлал шинэчлэлд хийсэн дүн шинжилгээ" сэдвээр диплом бичиж, доктор, дэд профессор О.Уранчимэг, доктор, дэд профессор М.Одмандах нарын удирдлага дор амжилттай хамгаалж Боловсрол судлалын ухааны магистрын зэрэг хүртжээ.