Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд Тереза Мэй албан тушаалаа хадгалж үлдэх эсэхийг шийдэхэд нэг хоног буюу 24 цагийн хугацаа үлдлээ.
Их Британи улс Европын холбооноос ирэх гуравдугаар сарын 29-ний өдөр өрх тусгаарлахаар төлөвлөж байна. Гэвч Ерөнхий сайдын санаачилсан тохиролцоог найм хоногийн хэлэлцүүлэг, 200 улс төрчийн илтгэл тайлбарын дараа Парламентын гишүүд дэмжсэнгүй.
Тодруулбал Парламентын 432 гишүүн Ерөнхий сайдын Европын холбооноос өрх тусгаарлах тохиролцоо, төлөвлөгөөг дэмжээгүй байна. Харин Их Британийн Парламентад суудалтай 202 гишүүн саналыг дэмжсэн ч Ерөнхий сайд 230 саналаар ялагдав.
Санал хураалтын дараа сөрөг хүчний Хөдөлмөрчдийн намын дарга Жереми Корбин Тереза Мэйд итгэл хүлээлгэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахыг шаардлаа. Ирэх 24 цагийн хугацаанд Их Британийн Парламент дахин санал хурааж Ерөнхий сайдыг албан тушаалаа хадгалж үлдэх эсэхийг шийднэ.
2016 онд явуулсан бүх нийтийн санал хураалтаар Их Британийн иргэдийн 51,6 хувь нь Европын Холбооноос салан тусгаарлахыг дэмжсэнээр Засгийн газар, Парламентын гишүүд холбооноос гарах нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн.
Хоёр жил гаран Ерөнхий сайдаар ажилласан Тереза Мэйн саналыг өнгөрсөн оны 12 дугаар сард Парламентад хэлэлцэж санал хураах ёстой байсан ч дэмжлэг авахын тулд удаа дараа хойшлуулсаар байсан юм. Парламентын гишүүд Ерөнхий сайдын санаачилсан уян хатан тохиролцоог дэмжсэнгүй.
Тереза Мэй Европын Холбооноос гарсан ч чөлөөт худалдааны тохиролцоо хийхийг хүссэн нь саатлаа. Их Британичууд нэг бол бүрэн хэмжээний тохиролцоо хийж Европын холбооноос өрх тусгаарлах, аль эсвэл огт тохиролцоо хийлгүй явахыг хүсч байна.
Их Британичуудын хувьд хугацаа бага үлдлээ. Тэднийг холбооноос гарах, холбоонд тавих саналаа нэн даруй тодорхой болгохыг Европын Холбооноос шамдуулж байгаа. Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Таск санал хураалтын дараахан “Их Британийн эрх баригчид аль болох хурдан зорилго төлөвлөгөө тодорхой болгох хэрэгтэй. Бид ч бас бэлтгэл ажлаа хангах шаардлагатай” гэж мэдэгджээ.
Европын холбоо, Их Британи 45 жилийн хамтын нөхөрлөлөө төгсгөл болгоход 73 хоног үлдлээ. Европын холбоо үүнд бэлэн байж болох ч Их Британичууд бэлтгэл ажлаа бүрэн хангаж амжаагүй бололтой.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com