П.БАТХУЯГ: БИД СОЁЛЫН КОЛОНЧЛОЛД ӨРТӨЖ “КАНОН” СЭТГЭЛГЭЭ РҮҮ ЯВАА НЬ ҮНЭН
Зохиолч, шүүмжлэгч П.Батхуягтай ярилцлаа.
-Энэ жилийн “Болор цом” наадмаас хүмүүс утга зохиолын хүрээнд шинэ салхи сэвэлзэж эхэллээ гэж хүлээж авлаа. Өмнөх толхилцоонтой, булхайтай гэгддэг байдал өөрчлөгдөх нь бусад салбарт ч шинэчлэл ирээсэй гэсний хүлээлт болов уу? Та судлаачийн хувьд ямраар харав?
-Өнгөрсөн жилүүдэд энэ наадмын нэр хүнд уначихсан байсан. Яруу найраг, олон нийт хоёрын уулздаг цэг нь “Болор цом”. Гэхдээ нэг наадмаар утга зохиолын хөгжлийг хэмжих нь өөрөө гажуудал л даа. Нөгөө талаараа уншигчид уран зохиолд хүлээлттэй, сайнаар ханддаг хэвээрээ байна. Үнэндээ бол энэ удаад “Болор цом” наадмыг Б.Баттулга аварсан л үзэгдэл. Хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч наадамд түрүүлнэ гэдэг чинь олон түмний хүлээлт байсан гэсэн үг. Магадгүй дараагийн жилүүдэд нөгөө хэл ам дагуулсан хүмүүс ч юм уу огт танигдаагүй хүн түрүүлбэл хэл ам дахиад өрнөнө. Энэ жил энэ наадам сайжраад, сайн зохион байгуулагдчихсан юм биш.
-Залуусын хамгийн их асуудаг асуулт нь “Ямар ном унших вэ?” байдаг. Хүн ном уншиж эхлэхдээ “кассовый” гэж нэрлэдэг зохиол уншвал уран зохиолыг тэр хэмжүүрээр хэмждэг болчих тохиолдол байх уу? Жинхэнэ уран зохиолыг хэрхэн таньж уншиж, сэтгэлгээгээ тэлэх вэ гэдэг асуулт ургаад байна?
-Нэг талаасаа тэрийг унш гээд зааж зааварлах хэцүү. Нөгөө талаасаа таны хэлдэг асуудал гарна. Манайд ном үнэ хүнд чанараасаа илүү дуулиан шуугианаар үнэлэгддэг буруу тогтолцоо руу орох гээд байна. Зохиолч нь номноосоо илүү өөрөө үнэ цэнэтэй олны танил байхыг эрхэмлэдэг. Манайхан уншдаг болсон гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ манайханд унших үе шат тогтоогүй.
Хүүхэд байхдаа юу унших вэ, хорь хүрээд юу унших вэ гээд уншигч үе шатаар уншаад ирвэл ийм асуудал гарахгүй. Ном уншихгүй явж явж байгаад оюутан болоод гэнэт ном унших нь нэн хэрэгтэй зүйл юм байна гээд ухаараад унших гэхээр юу уншихаа олохгүй төөрнө. Тэгээд бестселлэрийг дагаж эхэлдэг. Энэ хэмжүүр бол сайн бүтээлийн хэмжүүр биш борлуулалтын жагсаалт гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Үүнээс зайлсхийж жинхэнэ уран зохиолтой хэрхэн танилцах вэ?
-Үүнээс гарах арга зам бол мэргэжлийн утга зохиол шүүмж маш өндөр хэмжээнд хөгжих хэрэгтэй.
-Хүний оюуны санаанаас төрсөн урлагийн бүтээлийг хэн нэгэн шүүмжлэх эрхгүй. Үзэгч, уншигч өөрийнхөөрөө сонголтоо хийж таашаах эрхтэй гэсэн үзэлд та ямар хариу хэлэх вэ?
-Үндэстний оюун санаанд шүүлтүүр байхгүй бол мөхлийнхөө зам руу явж байгаа л гэсэн үг. Хүн амьдралдаа бүх зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй тэр сайн, энэ муу гэсэн үнэлэмж байдаг шүү дээ. Хувь хүнд ийм үнэлэмж байгаа юм чинь нийгэмд, нийгмийн харилцаанд аливаа бүтээлийг үнэлэх шүүлтүүр хэрэгтэй. Тэр шүүлтүүр ажиллахгүй бол үндэстэн оюун санааны ямар түвшинд яваагаа ч тогтоож чадахаа болино. Мэдээж уран бүтээлч хүн хийсэн бүтээлдээ хайртай. Уран сайхны, сэтгэлгээний хүрсэн хэм хэмжээ гэж бий. Таны хийсэн кино, ном өнөөгийн монголчуудын сэтгэлгээнд шат ахиулах биш бүтээл биш л бол тэр бүтээл ямар ч үнэ цэнэгүй. Аль хэзээний хүрчихсэн юмыг давтсан, хойш татсан биш үргэлж түүнээс давсан бүтээлийг бид хүлээж, нэхэж байж л хөгжил гэж ярина. Үүнд хүрэх бүтээлийг хийгээсэй гэж сануулдаг салбар нь л урлагийн шүүмж судлал шүү дээ. Бусдаар хүнийг оюун санааны халдлагад өртүүлэхийн тулд шүүмжийг бичдэггүй.
-Шүүмжлэгч хүний хувьд цөөхүүлийн зовлон байх уу ? Танилын нүүр халуун гэдгээр сайн таньдаг нэгнээ өршөөх, өрөвдөх, дуугүй өнгөрөх гэх мэт хүн чинь их сонин амьтан шүү дээ.
-Та өөрөө хэлчихлээ шүү дээ. Бид цөөхүүл урлаг, соёлын хүрээнд ил ажилладаг хүмүүс ч бас цөөхөн тэгэхээр нэг тойрог үүснээ дээ. Энэ л шүүмж судлалд хамгийн их гай болж байгаа зүйл. Жишээ нь багаасаа уншаад өсчихсөн өөрийнхөө хайртай зохиолчийг муу бүтээл бичсэн ч гэсэн шүүмжилж чадахгүй болно. Яагаад гэвэл тэр нэг хана шүүмжлэгчийг бариад байна даа. Энд л хувийн харилцаанд зарчим барих хэрэг гарна. Жишээ нь би зохиолчдын янз бүрийн арга хэмжээнд оролцоод байхыг хүсдэггүй, зайгаа барихыг боддог. Хэтэрхий хувийн харилцаагаар хандаад ирэхээр хөөрхий муу тэрийгээ муулаад ч яахав гэдэг юм уу бүтээлийнх нь үнэ цэнийг тодорхойлж чадахгүй болно. Энэ бол шүүмжлэгч хүний зовлон мөн. Хувийн харилцаандаа хүртэл зааг хязгаар тогтоож зарчим барих болдог ажил. Хэт дотно байхаар бүтээлээс нь холдоно, бүтээлээс нь холдохоор мэдрэхээ болино.
-Олон нийтийн харилцаанд шүүмжилснийг шүүмжиллээ гэж шүүмжилдэг. Шүүмжлэхээс өөр юу ч чаддаггүй гэж өөрсдийгөө няцаадаг тал ч бий. Шүүмжлэх тийм муу зүйл үү?
-Тархи судлалын эрдэмтэд үүнийг маш олон жил судалж байгаа шүү дээ. Хүний бүтээлч сэтгэлгээ нь анхдагч юм уу, шүүмжлэлт сэтгэлгээ нь анхдагч юм уу гэж. Хүн эхээс төрөөд чангаар уйлж байгаа нь өөрийг нь хүлээж авсан орчин нь таалагдахгүй байгаа учраас шүүмжилж байгаа нь тэр гэж хөгжилтэйгээр тайлбарласан нь ч бий. Аливаа юмыг хүлээж аваад хариу үйлдэл үзүүлж байгаагаараа хүн магадгүй төрөлхийн шүүмжлэгч байж болох. Шүүмжлэлийг шүүмжилж байна гэдэг чинь тухайн хүнд өөрийн гэсэн тогтсон үзэл баримтлал байна гэсэн үг. Нийгмийн харилцаанд мэдээж олон бүтэхгүй юм байгаа. Гэхдээ манай нийгмийн оюун санаа маш эрүүл байна. Аливаа зүйлийг хүлээж аваад маш хурдан хариу үйлдэл үзүүлж байгаагаар нь би эрүүл гэж хэлж байгаа юм. Өвчилсөн нийгэм бол маш удаан байдаг. Юу болж байгаа, юу болохгүй байгааг ойлгодоггүй, хүлээж авдаггүй бол өвчтэй нийгмийн шинж.
-Маш сэргэг байгаа учраас та Монголын нийгмийг эрүүл гэх гээд байна уу?
-Яг тийм. Улс төрийн ч бай, урлагийн ч бай шүүмж гарахад тэр хэмжээний шүүмж өрнөж байна гэдэг чинь эерэг талаас нь харвал манай нийгмийн эд эс маш сэргэг, мэдрэмтгий ажиллаж байгаагийн шинж.
-Урлагийн ямар нэг бүтээл шинээр гарахад түүнийг дагаад бүтээгчид нь маш их тайлбарладаг. Тухайлбал, энэ киногоороо би тийм юмыг хэлэхийг зорьсон юм гэх мэт. Энэ жишиг хандлага зөв үү?
-Урлагийн харилцаанд “Тайлбарлахуй” гэж ойлголт байдаг. Тухайн бүтээлийнхээ зүй тогтол, шийдэл, онцлогийг ойлгуулахын тулд тайлбарладаг. Өрнөдөд ялангуяа их хөгжсөн, манайд ч бий. Харин бидний гол дутагдал бол уран бүтээлч нь өөрөө тайлбарлаад байдаг. Угтаа хөндлөнгийн судлаач, шинжээч, шүүмжлэгчид гэх мэт хүмүүс тайлбарлаж байвал сайн. Соёлын харилцаанд сонгодог утгаараа зарим ойлголт тогтоогүй байна. Мэргэжлийн хүмүүс хэдийчинээ тоож их тайлбарлана тэр бүтээлийн үнэ цэнэ нэмэгдэнэ.
-Агуулга, сэдэв, жүжигчид бүр нэр нь хүртэл ялгамааргүй кинонууд ар араасаа бүтээгдээд байгаагийн учир шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?
-Адилхан болоод байгаагийн гол шалтгаан нь зорилго нь ижилхэнд байна. Мөнгө олох гэсэн ганцхан ижил зорилго л үйлчилж байна. Нэг зорилго тавьчихсан уран бүтээлд ижил зүйлүүд олон байх нь ойлгомжтой. Нааштай зүйлүүд байгааг ч бас үгүйсгэхгүй.
-Урлагийн буюу оюун санааны салбарууд өмнө нь соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх гэх мэт үүрэгтэй байсан. Өнөө үед эдгээр салбарууд зарим үүргээ сайн дураараа өөрсөд дээрээ үүрч явахгүй бол нийгмийн оюун санаа мэдрэмж, үнэт зүйлээ алдаад байгаа тал байна уу? Оюун санааны салбарынхан чиглүүлэгч хийж болох уу?
-Өмнөх нийгэмд хэтэрхий үүрэгжүүлж байсан байх. Мэдээж уран сайхны бүх бүтээлд соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх шинж угаасаа хадгалагдаж явдаг. Харин бүтээл төрдөг бүх салбаруудын нийтлэг хандлага нь зарчим л байх учиртай. Тухайн уран бүтээлч, уран бүтээлийн баг ямар зарчмыг хүмүүст санал болгосон бэ гэдгээр бүтээлийн үнэ цэнэ тогтдог. Манайд оюун санааны амьдралын тэр зарчмууд нь алга болчихсон. Тиймээс хүлээн авч байгаа хүн юуг ч шүүрч авах боломжгүй болчихно. Гэгээрлийн, нөлөөллийн гэх мэт зарчмуудыг ярьж болно шүү дээ.
-Жишээ нь Америк кинонд заавал байх ёстой үнэт зүйлс гэж байна. Аз жаргалтай гэр бүлийн үнэт зүйл үргэлж тусгадгийг бид үздэг. Сүүлийн монгол бүтээлүүдэд монгол хүний идеал буюу нийтлэг сайн хэв шинжийг агуулсан дүрүүд хааччихав аа?
-Үнэт зүйлсээрээ дамжуулаад урлаг дотор чинь бодлого хэрэгждэг. Гаднаас нь харахад үзэл суртал нь харагдахгүй хэрнээ уран сайхандаа түүнийгээ бодлогоор шингээж өгдөг.
-Бусдын үзэл суртал, үнэт зүйлээр оюуныхаа болон ахуйнхаа хэрэгцээг хангаж өөрсдийнхөө дархлааг алдсаар байгаа мэт эмзэглэл байна. Ингэж бусдын соёлын довтолгоонд өртсөөр “монгол хүн гэж ийм хүн юм” гэдэг нь бүдгэрэх юм биш байгаа?
-Бид соёлын хүчирхийлэлд өртөж байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл манайд соёлын колончлол маш хүчтэй явагдаж байна. Хэсэг хугацааны дараа энэ нь соёлын канончлолын үе рүү орох аюул бий. Нийгмийн айдас энэ. Энэ үе шат хавдар шинжтэй явагддаг гэж байгаа юм. Голомт нь үүсч эхлээд даамжирсаар тэр хүн бүх оюун санаа, үзэл бодол, үг, үйлдэл, мөрөөдөл төсөөллөө канон буюу хувилсан хуулбар хэлбэрээр хүлээж авдаг болдог. Бидний залуу үеэс канон сэтгэхүйн шинжүүд харагдаад эхэлсэн шүү дээ.
-Үнэт зүйл төлөвшихөд тодорхой хугацаа хэрэгтэй гэлээ. Бид бүх зорилго, зарчим, мөрөөдлөө солиод 28 жил болчихлоо. Шинэ үнэт зүйл маань хэзээ, хэрхэн төлөвших юм бол?
-Бодлого хэзээ бий болно тэр цагт бидний цаг үеийн шинжтэй үнэт зүйлүүд бий болно. Хэл, соёл, зан заншил гэх мэт мөнхийн үнэт зүйл, дархлаа бидэнд байгаа. Гэхдээ үүнийгээ бататгаажуулах, дархлаажуулах үнэт зүйлээ болгон дээш нь гаргаж ирэхэд бодлого л хэрэгтэй. Социализм чинь бодлого байсан байна. Тодорхой бодлоготойгоор хэрэгжүүлж байгаа зарчмууд дээр л нийгэм тогтдог юм байна л даа. Хүчирхэгжих үндэс нь үндэстний дархлаа шүү дээ. Боловсролоороо, урлагаараа дамжуулаад дархлаагаа хүчирхэг болгохгүй бол бид үгүйсгэгдэх, үл орших тал руугаа л гулсана. Боловсрол өөрөө маш том дархлаа болж чадна бидэнд. Үндэсний боловсролын тогтолцоотой байхгүй бол бид маргаашийн тухай ярихад хэцүү. Ухаалаг утсаар тоглоод хэвтэж байгаа хүүхдэд бид юугаар нь дамжуулж нөлөөлөх вэ гэвэл бодлого буюу системээр нь л нөлөөлж чадна. Нийгэм, эх эцэг, багш шууд нөлөөлөхөд хэцүү болж.
-Өнөөгийн түвшинд боловсролтой монгол хүн гэж хэнийг ойлговол зохилтой юм бэ?
-Боловсрол өөрөө маш олон тодорхойлолттой, олон зүйлийг багтаасан ойлголт байна. Нэг талыг нь онцгойлж болдоггүй. Амьдралын нийтлэг түвшинд аваад үзэх юм бол боловсрол зөв амьдрах чадвар л юм. Халуун сэтгэлгүй мөртлөө Харвард төгссөн хүнийг бид олныг л харж байна. Зөв зарчимтай, үнэт зүйлтэй л хүн.
-Гадаадад суралцаж төгсөх нь сайн хэрэг, сайхан зүйл. Гэтэл бусдын соёлд хэт дасахаараа өөрийнх нь үнэ цэнэгүй санагдаж тэр соёлдоо хайртай болчихдог юм гэсэн. Энэ нь эх орондоо элэгтэй байх мэдрэмжээ гээх аюултай гэсэн байна...?
-Энэ хэзээнээсээ байсан үзэгдэл. Ямар нэг байдлаар өөрийнхөө хамааралтай болгох арга ч гэх юм уу. Тогоонтөмөр хаан Их дайду хотоосоо хөөгдчихөөд нэг их гэмшээ биз дээ. Гэмшлийн шүлэг гээд байдаг. Нүүдэлчин хүн мөртлөө тэр газрынхаа соёл, заншил, ахуйгаас нь салж чадахаа байчихсан. Энэ жишээ хэлний дархлаанаас тод харагддаг. Эх хэл бол том дархлаа. Эх хэлээрээ хэлд ороогүй хүүхдэд монгол гэх юм үлдэх үү?
Нэг онцгүй жишээ хэлье. Америкийн батлан хамгаалахад алба хаасан монгол хүүгээс аав нь шоглоомоор асууж л дээ. Муугаар бодоход чи Монголтой байлдвал яах вэ? гэж. Тэгсэн чинь юу яриад байгаа юм. Алба хаасан арми, төрсөн улсынхаа төлөө байлдана гэж хариулсан байна. Монгол хүний оршихуйн зарчмуудыг одоо л бид ярихгүй бол хорин жилийн дараа ярихад оройтсон байхыг үгүйсгэхгүй. Орчин цагийн монгол хүний фигур гэж байна уу?
-Сүүлийн үед оюун санааны хувьд хүчирхэг сэхээтэн давхарга тодорхой цаг, нөхцөлд ил гарч дуу хоолойгоо гаргаасай гэсэн хүлээлтүүд байдаг. Амьдарч буй цаг үедээ өөрчлөлтийг авчрахад ухаалаг, сэхээлэг хүмүүсийн үзэл бодол, дуу хоолой сул арай сул байна уу?
-Аль ч цаг үед аминч үзэлтнүүд байсан. Гэхдээ хувь хүний онцлог, үзэл хандлага гэж байна. Бүгдийг нь гараад ир, үгээ хэл гэж болохгүй. Яг өнөөдрийн нөхцөл байдлыг харах юм бол тантай санал нийлж байна. Манай хүлээн зөвшөөрөгдсөн сэхээтнүүдийн үнэнч шударга иргэний дуу хоолой хэрэгтэй байгаа нь үнэн. Энэ нь улс төртэй хамаагүй, хамаатай байх албагүй. Өдөр бүхэн дуугараад байх хэрэггүй ч нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөөлж чадах хүмүүс тодорхой хэрэгтэй цагт үгээ хэлэх хэрэгтэй. Энэ дуу хоолой сул байгаа учраас хоосон орон зайд нь “чоно борооноор” юм болдог.
А.МӨНХЖИН