СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-16

Хуулийн эсрэг хууль зүйн сайд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүд бүрэн эрхээ ашиглан бүгд шахуу ЖДҮХС-гаас тэрбум тэрбумын зээл авчээ. Өнөө зээлээ зориулалт бусаар ашиглаж, өр ширээ төлөхөд зарцуулж, бизнесээ өргөжүүлэхэд ашиглаж, зарим нь банк бус санхүүгийн байгууллагадаа хөрөнгө оруулж мөнгө хүүлсэн байж ч магадгүй сэжиг сэжүүр илрээд байна. Хамгийн сүүлийн мэдээллээр төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ, Засгийн газрын гишүүдийн хамааралтай, тэдний хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдагдсан 70 банк бус санхүүгийн байгууллага байгааг хэвлэлийнхэн дэлгэлээ.


ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн хэрэг эхнээсээ цагдаа, шүүх, прокурор дээр очиж, эрүүгийн хэрэг үүсээд буй. УИХ-ын гишүүдийг хууль хяналтын байгууллага шалгахад халдашгүй эрх нь саад болдог. Тиймээс Улсын ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д оруулж ирсэн. Гэтэл УИХ-ын гишүүдийн ноён нуруу ёстой хугарсан даа. Нөгөө шударга бусын хонгилын эсрэг тэмцэж байсан бүх гишүүд Улсын ерөнхий прокурорын оруулж ирсэн саналын өмнө алийгаа алдацгаав. Бие биеэсээ уучлал гуйж, байя аа ах аа, уучлаарай ах аа, миний түмэн буруу гэх мэтээр үнэн нүүр царайгаа харуулсан. Түүгээр зогсохгүй Байнгын хороо, чуулганаараа ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн нөхрөө цээжээрээ хамгаалан авч үлдэв.


Хэрвээ энэ дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм бол араас нь яг адилхан үндэслэлээр УИХ-ын гишүүд бараг бүгдээрээ хууль, хяналтын байгууллага руу илгээгдэх учир ийнхүү үхэн хатан хамгаалсан хэрэг. Тэр тусмаа төрийн хуулийг төмөр хэрэм мэт батлан хамгаалж, сахин мөрдүүлж байх ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ЖДҮ-чдийг улайран өмгөөлж, уулгалан хамгаалсан нь шударга ёсны сүүлчийн багана нуран унасан мэт харамсалтай үйл явдал болсон юм.


Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шударга бусын хонгилын тухай ярьж эхлэхэд ард түмэн шударга ёсонд итгэх итгэлээ хадгалсаар байсан. Үнэхээр тийм шударга бусын хонгил үүссэн байлаа ч хуулийг мөрдүүлдэг, шударга ёсыг хамгаалж өмгөөлдөг байгууллага, институц Монголд байгаа гэдэгт хүмүүс өнөөг болтол итгэсээр байсан юм. Гэтэл хууль эрх зүйт төр, шударга ёсны дуу хоолой болох ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд маань хууль бусаар ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчдийг цээжээрээ хамгаалахыг харах ямар хэцүү байв аа.
Тэр тусмаа өнөө шударга ёс, хууль гэж хамгийн их ярьдаг, өөрөө бараг л хууль мэт харагдаж, ойлгогдох болсон Ц.Нямдорж сайд маань үзэл баримтлал, үг, үйлдэл бүхнээсээ урвав. Монгол Улсын Ерөнхий прокурор уг нь нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг маш тодорхой үндэслэл, баримттайгаар танилцуулсан ч Хууль зүй, дотоод хэргийн сайд маань ёстой нэг улаан хамгаалагч гэдэг шиг л байсан даа.
Ц.Нямдорж сайдын хэлсэн үг ийм.


-Энэ дөрвийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд явуулчих юм бол хэсэг байж байгаад дахиад л хоёр гишүүний асуудал ороод ирнэ. Иймэрхүү эвгүй нөхцөл байдал үүсэхээр харагдаж байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй.


Энэ гурван өгүүлбэрийн агуулга хэн бүхэнд тодорхой байгаа. УИХ-ын гишүүдийн гэм буруутэй эсэх огт хамаагүй. Хамгийн гол нь тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм бол араас нь олон гишүүн тэр замаар орно. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхээ алдчих юм бол шоронд орчих гээд байна аа л гэсэн санаа.


Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргын хувьд Ц.Нямдорж гишүүн ийнхүү ЖДҮ-чдийг цээжээрээ хамгааллаа. Энэ үйлдэл нь түүний рейтингийг шалан дээр унагав.
Хууль хяналтын байгууллага шалгаад, бүх үйлдлийг нь тогтоож, үндэслэлийг нь гаргаад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгая гэж байхад түүний эсрэг зогсдог Хууль зүйн сайд байдаг ажээ. Зүй нь бол УИХ-ын гишүүд өөрсдөө иргэний болон улс төрийн эр зориг гаргаад бүрэн эрхээсээ татгалзан, хөтлөлцөж очоод шалгуулсан бол гоё харагдах байлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ч гэсэн нэг танхимын нэр муудсан сайдууд хийгээд парламентад тохой залгаж суугаа гишүүдийнхээ нэр хүндийг сэргээхийн тулд асуудалтай нөхдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгуулчихсан бол Монголд шударга ёсны үүр цайх нь гэсэн итгэл хүн бүрт төрөх байв.
1992 оноос хойш тасралтгүй УИХ-д сонгогдож, гурав дахь удаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын сэнтийд залраад байгаа Ц.Нямдорж гэдэг энэ эрхэм бараг л шударга ёсыг хувьчлаад авчихсан юм шиг ярьдаг. Тийм сэтгэгдэл олон нийтэд төрүүлдэг. Үе үе хурц мэдэгдэл хийж, халуун халуун ярилцлага өгдөг. Байсхийгээд л олны анхаарлын төвд орчихдог. Гэхдээ үг, үйлдэл нь үе үе зөрдгийг ард түмэн мартаагүй. Л.Гүндалай гишүүнтэй толхилцож, гадаадын тагнуул энэ тэрдээ хүрч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үед салбарын сайд нь байсан атлаа юу ч мэдээгүй, гэртээ зурагтгүй учир мэдээ ч үзээгүй хэмээн бухсан гээд түүний тухай баримтууд бий. Эрүүгийн хуулийг шоронжуулсан гэж түүнийг шүүмжилдэг хүмүүс бий. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх ажлын хэсгийг Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж байсан гээд л олон шүүмжлэл түүнийг дагадаг. Орондоо хууль засаад УИХ-ын даргын суудлаасаа огцорсон гэдгийг нь олон нийт одоо ч мартаагүй.


Хоёр гурван жилийн өмнө уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт хүүгээрээ шахаа хийлгэчхээд тэр талаараа хийсэн мэдэгдэл нь ЖДҮ-чдийг өмгөөлж хамгаалж байгаатай нь агаар нэг л үйлдэл байсан. Хамгийн сүүлд дэд сайдыгаа огцруулсан явдал нь нийгэмд дуулиан тарьж байгаа. Хуулийг мөрдөж, сахин хамгаалахын төлөө бус харин эсрэгээр нь ажиллахыг дэд сайдаасаа шаардаж байсан нь үнэн бол Ц.Нямдорж сайдыг шударга бусын хонгилын шуударсан атаман гэхээс өөр юу гэх билээ.

Г.УУГАНБАЯР

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.