Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болоход 20 хоног үлдлээ. Сар шинэ дөхөхөдтэй зэрэгцэн худалдааны зах, төвүүд баярын бэлэг сэлт, идээ будаагаа бэлтгэхээр яваа иргэдийн хөлд дарагджээ. Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” захад худалдаалагдаж буй ууцны үнэ тарган, туранхай, том жижгээсээ хамаараад 100-300 мянган төгрөгийн ханштай байна. Үхрийн өвчүүний үнэ нэг килограмм нь 7500-9000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Махны нийлүүлэлтийн хувьд Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай аймгаас ууцны мах бэлтгэн борлуулж байгааг махны худалдаачид хэлсэн юм. Түүнчлэн “Хүчит шонхор” захын худалдаачид махны үнэ буурч байгаа талаар дурдсан юм. Учир нь хятадууд их хэмжээний мах худалдан авч байсан нь багасчээ. Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” захад килограмм хонины цул мах 5400-5700 төгрөг, үхрийн цул мах 8500 төгрөгөөр борлуулж байна.