Монголчууд бид сар хүрэхгүйн дараа билгийн тооллоор шинэ онтойгоо золгож хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашлах улиралтай золгох гэж байна. Уламжлалт баяр наадам, ахан дүүсийн уулзалт гэхээс илүүтэй бэлэг сэлт, ууц, бууз зэрэг бэлтгэл ажил иргэдийн сэтгэхүйд дарамт учруулах болжээ.
Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр энэ жилийн цагаан сараар монгол айл өрх бүр дунджаар 1,5 сая төгрөг буюу 562 ам.доллар зарцуулна гэжээ. Билгийн тооллын шинийн нэгэн буюу аргын тооллоор хоёрдугаар сарын тавны өдөр цагаан сарын баярыг нийт хүн амын 65 хувь нь тэмдэглэн өнгөрүүлнэ гэж бичжээ.
Өөрөөр хэлбэл 895,000 өрхийн талаас илүү нь тэмдэглэх юм байна. Зөвхөн бэлгэнд л гэхэд 1,5 сая төгрөгийн тэн хагасыг зарцуулах аж. Сард дунджаар 700-800 мянган төгрөгийн цалинтай монголчууд жил бүрийн өдийд цагаан сарын баярт бэлтгэхэд санхүүгийн багагүй хүндрэл тулгардаг.
Гэвч жил ирэх бүр баярын бэлтгэл ажилд зориулах зардал нэмэгдсээр байна. Өнгөрсөн жилийн цагаан сараар монгол айл цагаан сард зориулж дунджаар 1,3 сая төгрөг зарцуулсан гэсэн статистик мэдээлэл байгаа юм.
Эх сурвалж: www.xinhuanet.com