УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар мэдээлэл хийсэн. Тэдний хийсэн мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мөн мэдээлэл хийж, тайлбар өглөө.
Тэрээр:
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар өчигдөр, өнөөдөр удаа дараалан мэдээлэл хийлээ. Баасан гаригт 23:50 цагт орчимд болсон Төрийн байгуулалтын байнгын хороон дээр болсон асуудлын талаар ярьсан.
Энэ дунд нь миний нэр яригдаж байгаа учир би тайлбар хийе гэж бодлоо.
“Баасан гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр ирц ес байсан учраас Д.Лүндээжанцан гишүүн над руу утсаар ярьж орж ирэхийг хүссэн. Ингээд зарчмын байр сууриа ярьсан. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцээд баталчихъя. Ирэх долоо хоногийн/01.17,18/ чуулганы хэлэлцэх асуудлын нэгдүгээрт оруулаад хэлэлцье гэсэн. Энэ дагуу нь би УИХ-ын даргатай орж ярилцсан. УИХ-ын дарга жагсаал хийж байгаа гишүүдийн хүсэлт ийм байгаа бол тэр хүсэлтийнх нь дагуу хуулиа баталъя гэдэг байр суурьтай байсан.
Ингээд УИХ-ын дарга бид хоёр орж ТББХ-ны ирц бүрдэж eрөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцсэн. Баасан гаригт хуралдах чуулганы хэлэлцэх асуудлын нэгдүгээрт оруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, eрөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэх асуудлын 7-рт байхад нь урагшлуулж нэгдүгээрт хэлэлцэхээр болсон. Гэтэл Т.Аюурсайхан гишүүн бас л буруу ярьж байна лээ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал тарж алх цохисны дараа Ж.Батзандан микрофон авах хүсэлт гаргаад “баярлаж, талархаж байна” гэдгээ хэлсэн. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн мөн хэлэх үг байна гэж микрофон аваад
“УИХ-ын даргын өрөөнд болсон асуудалтай холбоотойгоор уучлал гуйж байна” гэсэн.
Дараа нь Л.Болд гишүүн мөн микрофон аваад “Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар цуст мөргөлдөөн зохион байгуулах гэж байна гэдэг худлаа байжээ. Ийм мэдээлэл тараасандаа мөн уучлал гуйж байна” гэсэн.
Үүний дараа би “Л.Болд гишүүн Богд банкаараа зээл авсан асуудлыг нэр бүхий УИХ-ын гишүүн ярьсан. Энэ асуудлыг би тогтоож, тодруулна. Энэ асуудал үнэн бол ярих зүйл байхгүй. Аваагүй, ташаа мэдээлэл байвал хүлцэл өчье” гэсэн. Ийм л зүйл болсон.
Харамсалтай нь манай гишүүд өчигдөр мэдээлэл хийхдээ “уучлал гуйхгүй бол ТББХ-ны ирцийг бүрдүүлэхгүй гэсэн. Тиймээс аргагүйн эрхэнд уучлал гуйсан” гэсэн агуулгатай зүйл ярьж байна лээ. Гэвч энэ бол ор тас худлаа юм. Та бүхэн ТББХ-ны протоколоос харж болно. Тиймээс би залруулга хийж байгаа юм.
Мөн өнөөдөр нэр бүхий дөрвөн гишүүн мэдээлэл хийхдээ Т.Аюурсайхан:
“ТББХ-оор хэлэлцэх асуудлын нэгдүгээрт оруулчхаад УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудлын долоодугаарт оруулсан байна” гэж ярьсан. Гэтэл УИХ-ын даргын зөвлөлийн хурал Баасан гаригт эрт болоод, хэлэлцэх асуудлаа тогтчихсон байсан. Харин бид хэзээ хойно хуралдаж долоогоос урагшлуулж нэгдүгээрт оруулсан.
Дээр нь өнөөдөр Ж.Батзандан нарын гишүүд бас нэг ташаа мэдээлэл хийсэн. “Д.Хаянхярваа гэдэг хүнийг УИХ-ын дарга болгох юм байна. Н.Номтойбаярыг сайд болгох тохироо хийсэн байна” гэж ярьсан.
МАН дотроо зөвшилцөл, ойлголцлыг бий болгоё, үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгье, учраа олъё гээд явж байгаа нь үнэн. Харин албан тушаалын наймаа, нэг ч тохироо байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.